МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.19
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Цахим шилжилтээр төрийн данхар бүтэц, хүнд суртлыг арилгаж, иргэн төвтэй болгох хэрэгтэй

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.19/ хуралдаан боллоо. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслүүдийн санаачлагч болон ажлын хэсгээс УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

“Цахим шилжилтийг бүх түвшинд ярьж байна. Үүний хамгийн чухал зүйл нь стратеги төлөвлөлт байдаг. Алсын хараа нь юу вэ? зорилго нь юу вэ? иргэд үүнээс юу хожих вэ гэдэгт хариулах ёстой. Иргэн төвтэй үйлчилгээ байх ёстой юм. Иргэн нэг лавлагаа авахын тулд ТҮЦ машин руу очдог, эсвэл нэг яам тамгын газрын үүд сахидаг баймааргүй байна. Иргэний үнэмлэхээ өөрөө барьчаад түүнийгээ нотариатаар батлуулаад явж байдаг гэх мэт төрийн үйлчилгээг сайжруулж, хүнд суртлыг л энэ цахим шилжилтээр арилгамаар байна. Энэ нь иргэний халааснаас гарч байгаа зардал, нийслэлийн замын түгжирлийг ч бууруулах ач холбогдолтой. Энэ талаар ямар ахиц гарч байна вэ? Мөн онлайнаар лавлагаа авах, нотариатын баталгаажуулалт хийлгэх боломжууд нээгдэх үү?  

Цахим шилжилтийг хийхдээ нийслэл, аймаг, дүүрэг гээд тус тусдаа явагдах зүйлийг яриад байна л даа. Энэ уг нь нэгдсэн байх ёстой. Засаг дарга солигдох бүрт л төсөв хөрөнгө шаардаж, үйл ажиллагаа нь тасалдана.

Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг бид нийлүүлээд нэг болгож болдоггүй юм уу? НДЕГ-т 1800 гаруй хүн ажиллаж байна. аймагт бүрт л нэг нэг байшинтай. Ялгаагүй л татвар нь ч тэр НД нь ч тэр мөнгө хураах цуглуулах ажил хийж байна. Татварын алба бол энэ ажлыг хөнгөн хийх боломжтой.Тиймээс татвар хураалт, нийгмийн даатгалын мөнгө цуглуулж байгаа ажлыг нэг цэгт төвлөрүүлчихвэл төрийн данхар бүтэц гэдэг асуудлыг ч хумих боломжтой.”

Түүний асуултад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ