https 105

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Улстөр

Х.Ганхуяг: 1000 хүн амтай суманд 640 хүүхдийн сургууль барьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асуулаа:

Хууль бол манай улсын ирээдүйн эдийн засгийн төрөлт хийх төсвийн гол зарцуулалт, хөрөнгө оруулалт хийгддэг суурь хууль юм. Зарим гишүүдийн хэлж байгааг дэмжиж байна. Тухайлбал мэргэжлийн хэсэгт нь эдийн засагчид, Сангийн яамны мэргэжилтэнгүүд зайлшгүй орох юм. Яагаад гэвэл мянгахан хүн амтай сумд 640 хүүхдийн сургууль барьдаг. Тэр сургууль бол хэзээ ч дүүрэхгүй. Үүн дээр боловсон хүчин, хөрөнгө оруулалтын асуудал гарч байна. 100 хүрэхгүй хүн амтай багт сургууль, цэцэрлэг барьсан байна.

Тухайлбал Улаанбаатар хотын таван хороонд одоо хүртэл сургууль байхгүй байна. Хүн ам нь 50-60 мянган хүн амтай. Гэтэл 100 хүн амтай багт сургууль, цэцэрлэг барьсан байх жишээний. Цаашдаа эдийн засгийг төлөвлөх үү, төсвийн бодлогоо яаж явуулах вэ гэвэл энэ хуульд зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй.

Маш чухал заалтыг Байнгын хороо дээр унагаасан байсан. Ц.Мөнх-Оргил гишүүний дэвшүүлсэн санал байсан. Сум нь 2500-аас доошгүй хүн амтай байна. Сумын хүн амыг нь зааж өгснөөр хөрөнгө оруулалт, боловсон хүчний бодлого илүү оновчтой болох байсан. Ажлын хэсэг дээр энэ заалтыг унагаасан байна. Үүнийг дэмжиж өгөхийг хүсэж байна.

Хуулийн төслийн 3.2 дахь заалтанд Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн байна. Энэ заалтыг хэрхэн яаж ойлгох вэ? 

Мөн тухайн хуулийн 18-р зүйлд засаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч гэсэн зохицуулалт байхгүй, энэ нийтийн зориулалттай өмч болно, өөрийн өмчөөс бүрдэнэ гэж заасан байна. Орон нутгийн өмч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч гэсэн тодорхойлолт, нэр томъёоны уялдаа холбоо тодорхой бус байна. Үүнийг тодорхой болгож өгнө үү?

Орон нутгийн өмч гэдэгтэй би эсрэг байр суурьтай байгаад байна. Бидэнд 100 гаруй төрийн өмчит компаниуд байдаг. Орон нутгийн өмчийн баахан компаниуд байгуулагдах юм шиг байна. Төрийн өмчийн 100 гаруй компаниас хоёр, гуравхан нь л ашигтай ажиллаж байгаа. Бусад нь алдагдалтай ажилладаг. Тэгсэн мөртлөө захиралууд нь асар өндөр цалин, урамшуулал авдаг. Энэ дахиад орон нутгийн өмчит компаниуд бий болохоор алдагдалтай компаний тоо нэмэгдээд явах юм биш үү? 

Хуулийн төслийн 30.2-т иргэний эрх нь иргэн, аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-д сонгогдох төлөөлөгчийг сонгох, баг хорооны иргэдийн нийтийн хуралд өөрөө оролцох, нутгийн өөрөө удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэсэн байна. Иргэний эрх зөвхөн энэ заалтаар хязгаарлагдаж байгаа гэж ойлгох уу? Үүнийг тодорхой болгож өгнө үү?

Жишээлбэл дүүрэг бол сумтай дүйцүүлэхээр харагдаад байна.  Тухайлбал Баянгол дүүрэг 260.000 хүн амтай. Аймгаар зүйрлэвэл тав, зургаан аймагтай нийлүүлхээр хэмжээтэй. Эдийн засгийн талаас нь харвал Улаанбаатар, Эрдэнэт, Өмнө-Говийн дараа орохоор хэмжээний эдийн засагтай, татвар төлдөг дүүрэг байдаг. Дүүргээ хотын статустай болох хэмжээнд өөрчлөлтүүд оруулж болохгүй юу? Дүүргийн удирдлага хог цэвэрлэх, гудамжний гэрэл солих хэмжээний л төсөвтэй байдаг. Энэ хуулийг хэлэлцэж байгаа дээрээ үүнийг эргэж харвал ямар вэ? Дүүргийнхээ статусыг нэмэгдүүлэх, төсөв нэмэгдүүлэх тал дээр нь өөрчлөлтийг авчирах хэрэгтэй байна. Тухайлбал Ло-Анжелос хот бол 80-90 хотоос бүрддэг. Яагаад Улаанбаатар төвийнхөө тав, зургаан статусыг хотын жишигт авчирч болдоггүй юм бэ?

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Ц.Мөнх-Оргил гишүүний санал Байнгын хороо дээр дэмжигдээгүй санал юм. Шаардлага байгаа гэж олон жил ярьсан. Аймгийн төвтэй ойролцоо 40-50 сумын асуудал яригддаг. Заримдаа бүр шаардлагатай 20-30 сум байна ч гэж ярьдаг. Үүнийг яг хүчлээд механикээр шийдэж болохгүй юм. Бид энэ хуулиараа ийм асуудлыг шийдэх гэж байгаа биш. Харин тийм асуудлыг шийдэж болох журмыг нь хийж өгсөн. 

Түүний асуултанд ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа.

Ер нь бол Монгол Улсын санхүүгийн нөөцийг төлөвлөхөд хүн амын тоо нягтаршил байгаа юм. Нэг хүнд төрийн үйлчилгээг яаж хүргэх вэ гэдэг эдийн засгийн эрүүл зарчим хэрэгтэй байгаа юм. Одоо бол тухайн сумд баригдах сургуулийг Их хурлын танхим шийдээд байна. Хэн овсгоотой, лоббитой гишүүн нь тухайн сумын иргэдийн орон тоо харгалзахгүйгээр. 1000 хүрэхгүй хүн амтай суманд 1000 хүүхдийн сургууль барьчихсан гашуун тохиолдолууд байна. Энэ ганцхан нэгжийн хуулиар шийдэгдэхгүй юм. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж яригдаж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ