МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Авсан татвар нь бэлчээр, усжуулалт, малын тэжээл бэлддэг зүйл рүүгээ ордог болгож өгнө үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
  • Малчид хөрөнгөжчихөөд хөрөнгийн татвараас авах шаардлагатай болоод байна уу? Эсвэл улсын төсөв бүрдэж чадахгүй болчихоод малчдын хормой хот руу орж байна уу? Яг гол зорилго нь юу вэ? 

Малчид зөвшөөрч байгаа шалтгаан нь малын аманд хийх өвс байхгүй болсон, бэлчээр муудсан, ус унд нь ховордсноос тэр юм. Хүн ам, өрх гэр тэлж байна. Гэтэл байгаль энэ даацыг даахгүй, бэлчээрийн даац хэтрээд байгаа учраас малын хөлийн татварыг биднээс авч болно гэж байна. Тэгэхээр буцаагаад энэ дутагдаад байгаа зүйл рүү нь зарцуулах ёстой. Зөвхөн төсвийг нэмэгдүүлэх хууль биш, үүний цаана Хөдөө аж ахуйн яамнаас орж ирэх ёстой маш том бодлогын хууль байх ёстой. Хөдөө мал маллах бололцоогүй болсон байна. Тиймээс энэ татварыг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. 

Авсан татвар нь зөвхөн бэлчээр, усжуулалт, малын тэжээл бэлддэг зүйл рүүгээ ордог талаар үг үсгийг засварлаж өгөх дээр анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байна. 

ШИНЭ МЭДЭЭ