МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Миний хийж буй алхам болгоноос ард түмэн хожиж л байвал намайг юу гэх нь чухал биш
2020.10.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Ганхуяг: Миний хийж буй алхам болгоноос ард түмэн хожиж л байвал намайг юу гэх нь чухал биш

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ КЕМБРИДЖИЙГ ҮГҮЙСГЭСНЭЭР МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХГҮЙ БАЙЯ ГЭДЭГ ӨНЦГӨӨР ХЭЛЭЭГҮЙ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

Та бүхний хэдэн гишүүн нийлээд кембриджийн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэйгээр Монголд хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Гэтэл намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч “юун кембридж” гээд бут цохичихлоо. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхийлөгч яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна, бас ойлгохгүй байна. “Алсын хараа-2050” хөтөлбөрийг хуульчилж баталсан. Энэ хөтөлбөрт дундаж давхаргыг илүү сайн тэлье, баялгийг хуваарилалтыг тэгш болгоё, хүний хөгжлийг чухалчилъя гэх зэрэг олон зорилтыг багтаасан. Харахад олон сэдэв мэт боловч нэг л зүйл дээр зангилагдаж байгаа. Эдгээр зорилтууддаа 2050 онд хүрэх, магадгүй наана нь ч хүрч магад. Үүн дотроос эрүүл мэнд, боловсролын асуудлыг чухалчилсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой багц хууль батлагдсан. Даатгалаараа дуртай эмнэлэгтээ, хүссэн эмчдээ үзүүлэх боломж бүрдсэн. Эрүүл мэндийн даатгалын сан хуримтлалын сан биш ард иргэдэд зарцуулагддаг сан байх үүднээс шинэчлэлийг хийсэн. Хоёрдугаар асуудал нь боловсрол. Манай улсад 860 гаруй ЕБС үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 152 нь хувийн сургууль.

Өнөөдрийн байдлаар 21 сургууль кембриджийн хөтөлбөрөөр хичээллэж байгаагийн 18 нь хувийнх. Эдгээр сургуулиуд 10-100 сая төгрөгийн төлбөр авдаг. Хувийн гурван сургууль есөн жилийн хугацаанд кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Маш амжилттайгаар.

Анх гурван сургууль дээр туршиж үзээд бусад сургуульд нутагшуулах замаар хэрэгжүүлсэн. Мөн лаборатори сургуульд хэрэгжүүлэхээр байсан ч 2013-2014 онд зогсоосон байдаг. Зөрүүлээд хувийн сургуулиудад олгох хувьсах зардлыг нэмэх шийдвэр гаргасан юм билээ. 2019 оны байдлаар зөвхөн хувийн сургуулиудад олгосон хувьсах зардал 17 тэрбум төгрөг болсон юм билээ. 2020, 2021 онд бараг 20 гаруй тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөгдөж байгаа. Гэтэл хувийн сургуулиуд ТББ нэрийн дор явж улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Тэгсэн хэрнээ улсаас жил бүр хувьсах зардал авдаг. Төр эрх тэгш боловсролыг олгох үүрэгтэй. Бид нэгэнт хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрч л байгаа бол тэд олон улсын хөтөлбөрөөр боловсрол олгох л ёстой. Кембриджийн хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлээд үргэлжлүүлж яваа сургуулиуд бий.

Тухайлбал? 

Шинэ эрин сургууль. Энэ сургуулийг төгсөгчдийн 65 хувь нь гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хамрагддаг. Мөнгөн дүнг нь судлаад үзэхэд 14.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг гадаадаас авсан. Төрийн үүрэг чанартай боловсролыг хүүхдүүдэд олгох юм. Тиймээс төр олон улсын кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх ёстой. Сурагчид дотоодын сургуульд сурах гэж байгаа бол ЭЕШаа, гадаадад сурах гэж байгаа бол кембриджийн хөтөлбөрийн дагуу шалгалтаа өгчихнө. Ийм л зүйл.

Ерөнхийлөгч кембриджийг дурдахаас өмнө та бүхэн нилээдгүй шүүмжлэлд өртөөд, нийгэм даяараа талцаж дуусаад сэдэв намжиж байсан. Гэтэл Ерөнхийлөгч дахин гал асааж, “өөрөө кембриджийн ойлголтгүй учир ийм болчимгүй үг хэллээ” гэсэн шүүмжлэлд өртөх шиг боллоо.

Ерөнхийлөгчийн үгийг зөвлөхүүд нь бэлдэж өгдөг. Зөвлөхүүд нь үүний талаар бага судалгаатай байсан юм болов уу гэж л бодож байна. Түүнээс биш ерөнхийлөгч “хүүхдүүдэд боловсрол олгохгүй байя” гэдэг өнцгөөр хэлээгүй гэж найдаж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН ЖААЛХҮҮ ЯАГААД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД СУРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ.

Та түрүүн сургуулиудын хувьсах зардлын тухай цухас дурдлаа. Энэ яалт ч үгүй нэг сонин сэдэв шүү. Сургуулийн төлбөрөө хэдэн саяар нэрлэж дураараа үнэ тогтоодог хэрнээ улсаас давхар хувьсах зардал авдаг байдал нь гаарсан.

Хувьсах зардал өгч байна гэдэг нь төр өөрийнхөө хүрч чадахгүй байгаа газруудад хувийн сургуулиудаар дамжуулан үйлчилж байна гэсэн үг. Нөгөө талаар хувийн бизнес хийхийг дэмжиж байгаа хэлбэр. Уг нь сургалтын төлбөрийг төр сургуулиудтай зохицож тогтоодог байх ёстой. Үгүй гэвэл төрөөс хувьсах зардал өгөхийг зогсоох ёстой. Төрөөс нэгэнт зардал авч байгаа л бол 100 сая төгрөгийн төлбөртэй байж болохгүй л асуудал юм л даа. Энэ нь шударга ёсны л зарчим шүү дээ. Мөн дээрээс нь хувийн сургуулиуд хүүхдүүдийг төлбөр мөнгөөр нь ялгахгүйгээр харьяаллынх нь дагуу яагаад хамруулж болохгүй гэж. Бүр ядаж тодорхой тооны хүүхдүүдэд тэтгэлэг олгодог баймаар байна шүү дээ.

Өнөөдөр хувийн тодотголтой зарим сургуулиуд таван мянган хүүхдээс шалгалт аваад 100 хүүхдийг л авдаг. Ингэхдээ шалгалтад орсон хүүхэд бүрээс 50 мянган төгрөгийн хураамж авч байх жишээтэй. Нөгөө тэнцсэн 100 хүүхэд нь нийслэлийн өнцөг булан бүрээс ирдэг. Тэд өглөө бүр сургуульдаа ирдэг. Тэднийг эцэг эхчүүд нь зөөдөг.

Бидний яриад байгаа түгжрэл ингээд л эхэлнэ. Тиймээс хувийн сургуулиуд ядаж харьяаллынхаа хэдэн хүүхдийг авах нь төрд хэрэгтэй байгаа юм. Таван мянган хүүхдээс шалгалт аваад тэнцсэн, тэнцээгүй гэж сертификат олгох нь харин ч ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг шүү дээ. Харин бидний яриад байгаа кембриджийн хөтөлбөр нь Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллын жаалхүү яагаад олон улсын хөтөлбөртэй сургуульд сурч болдоггүй юм бэ гэдэг л асуудал байхгүй юу. Гэтэл Ерөнхийлөгч яагаад тэгж ярих болсныг сайн ухаж ойлгохгүй байна.

Хувийн сургуульд төрөөс хувьсах зардал олголт, дур зоргоороо төлбөр тогтоох байдал зэргийг цаашид бодлогын түвшинд хэрхэн ярих вэ?

Үндэсний ЕБС-ын тогтолцоог сайжруулах тал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт Дамдинням, Ганбат, Г.Амартүвшин, Ч.Ундрам, Мөнхцэцэг зэргийн гишүүд болон миний бие багтсан. Ерөнхий боловсролын хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ хуульд л дээрх асуудлуудыг тусгаж өгнө.

КЕМБРИДЖИЙН ХӨТӨЛБӨР ОРУУЛЛАА ГЭЭД МОНГОЛ ХЭЛЭЭ МАРТАНА ГЭСЭН ҮГ БИШ.

“Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг” ойрд ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Эхний ээлжинд бид энэ хөтөлбөрийг ард иргэдэд таниулах, ойлгуулах ажлуудыг бага багаар хийж байна. Кембриджийн хөтөлбөр гэдэг чинь шинжлэх ухааны хичээлүүдийг л олон хөтөлбөрийн дагуу заана гэсэн үг юм л даа. Үүнд тоо, хими, физик гэх мэт 4-5 хичээлийг л олон улсын хөтөлбөрийн дагуу заах юм. Кембридж гэдэг нэр нь том, алс сонсогдоод байгаа болохоос биш. Зардлын хувьд ч өндөр биш.

Кембриджийн татварт сургууль бүр жилд 5000 фунт стерлинг төлнө. Хэт өндөр зардалтай гэгдэж байгаа?

“Шинэ Эрин” сургууль хамгийн анх кембриджийн хөтөлбөрт нэгдэхдээ 5000 фунт стерлинг төлсөн. Түүнээс хойш нэг ч зардал ахин төлөөгүй. Төгсөгч нар нь шалгалтаа амжилттай өгөөд байвал болох юм. Хаанаас, ямар үндэслэлээр хэдэн тэрбум төгрөг гаргаж ирээд байгааг нь гайхаж байна. Хэт өндөр зардал гардаггүй.

Кембриджийн хөтөлбөр хэрэгжвэл боловсролын тусгаар тогтнолоо алдана, боловсролын тэгш бус байдал бий болно гэж шүүмжилж байгаа. Мөн хичээл заах боловсон хүчин, сургалтын орчноос эхлээд бүх зүйлс нь асар хол, бүтэшгүй мэт санагдаж байгаа тул шүүмжлэх хэсэг ч байна л даа.

Тийм ээ. Хамгийн том сорилт нь яалт ч үгүй багш нарын боловсон хүчин бэлтгэх асуудал. Энэ хүрээнд англи хэлтэй багш нарын тоог нэмэгдүүлэх тал дээр гадаадын элчин сайдын яамдтай уулзалт хийж байгаа. Энэтхэгийн элчин сайдын яам 1000 багш бэлтгэж өгөхөөр болсон. Гэтэл нөгөө талаар хувийн сургуулиудын пи ар ч нилээдгүй явсан. Зарим судлаачид хүүхдүүд монгол хэлээ мартдаг мэтээр ярьж байгаа. Мөн кембриджийн хөтөлбөртэй сургуулийг олшруулснаар боловсролын тэгш бус байдал алдагдана, зөвхөн дарга нарын хүүхдүүд хамрагдана гэсэн ойлголтыг өгөх гэж оролдсон юм билээ. Энэ бол огт худлаа. Кембриджийн хөтөлбөртэй боллоо гээд монгол хэл, уран зохиол, түүх соёлтой холбоотой хичээлээ орхино гэсэн үг биш. Шинжлэх ухааны хичээлүүдийг Монгол болон англи хэлээр хослуулж үзнэ л гэсэн үг. Тиймээс эх хэлээ мартана гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр хувийн гэх тодотголтой 152 сургуульд дарга нарын хүүхдүүд явдаг. Кембриджийн хөтөлбөртэй сургуулийг дүүрэг, аймаг бүрд байгуулбал жирийн иргэдийн хүүхдүүдэд наад зах нь гадаадад тэтгэлэг авах боломж бүрдэнэ.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Шинэ гишүүд тангараг өргөөд 100 хоног өнгөрчихжээ. Зарим нь нутаг орондоо тайлангаа тавьж явна. Таны хувьд энэ хугацаанд юу амжуулав?

Ярилцлагын эхэнд хэлсэн. “Алсын хараа-2050” хөтөлбөрийг ойлгуулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн багц хуулиудыг батлалцаж чадлаа. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах тогтоолын төслүүдийг өргөн барьсан байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийг цуглуулж форум зохион байгууллаа. Гадаад хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих вэ гэдэг агуулга яригдсан. Хөрөнгө оруулалтыг хөөдөг биш өрсөлдүүлдэг, татдаг баймаар байна. Ашигт малтмалаас болж энэхүү хийрхэл газар авсан шүү дээ. Гаднын хөрөнгө оруулагч бүрийг улсын баялгийг ухаад аваад явах гэж байгаа мэтээр ойлгодог. Тиймээс ашигт малтмалын хуулиудыг эргэж харах шаардлага бий.

Манайд компани байгуулах гэж байгаа бол дүрмийн сандаа 100 мянган ам.доллартай байх ёстой. Монгол хүн гадаад хүнтэй хамтраад компани байгуулбал бас л 100 мянган ам.доллартай байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Үүнийг засах ёстой.

Мөн дээрээс нь бизнесийн орчинг гадаад дотоодгүй сайжруулах, дэмжих, төрийн хяналт шалгалттай холбоотой хуулиудыг, Зөрчлийн хуулиудыг эргэж харах шаардлага бий. Өнөөдөр манайхаас гарч байгаа ашигт малтмал 4 хувийн татвар төлдөг. Гэтэл ноос ноолууран бүтээгдэхүүн 28, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу мах сүү ногоо 25-30, Сибирийн бүс нутаг руу бараа таваар гаргавал 38 хувийн татвартай байдаг. Ингэхээр экспорт яаж хөгжих юм бэ.

Наад зах нь Алтанбулаг боомтоор наймаачид оймс нууж гаргаж байна. Худалдааг дэмжиж байж дотоодын үйлдвэрлэл хөгжинө.

Энэ хүрээнд Монголд хэрэгжиж буй томоохон төслүүдээс эхлээд ЖДҮ-чдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, илүү нээлттэй шилэн болгох талаар гадаадын хөрөнгө оруулагч нартай санал солилцсон. Эрүүл мэнд, боловсрол, гадаадын хөрөнгө оруулагч гэсэн чиглэлүүдэд түлхүү оролцож ажиллаж байна. Хамгийн сүүлд нийгмийн цочирдуулсан гэр бүлийн хүчирхийлэл гарлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор арваад гишүүн нийлж лобби бүлэг байгуулсан. Энэхүү лобби бүлгийнхээ дэд даргаар сонгогдоод ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ямар ажлуудыг лобби бүлэг хийж эхлэх вэ?

Энэ чиглэлд төсөв мөнгө муу тавигдлаа. Хамгийн эхэнд үүнд анхаарч ажиллана. Хүчирхийллийн чиглэлд ажиллах орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна хүчирхийлэл гэдэг зүйлийг боловсролын салбарт буюу багш нарт, нийгмийн ажилтанд төдийгүй хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байна. Ямар тохиолдолд хүчирхийлэл болох вэ, өртсөн тохиолдолд хэнд хандах вэ, гэх зэргийг хүүхдэд багаас нь заахгүй бол болохоо байчхаж. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн аравхан хувь нь мэргэжлийн байгууллагад ханддаг гэдэг статистик бий. Хаана хэнд хандахаа мэдэхгүйгээсээ болоод үлдсэн 90 хувь нь чимээгүй өнгөрсөөр, хохирогч болж байна гэсэн үг. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө ярьдаг. Эсвэл ичээд тас нуудаг. Энэ нь хүчирхийллийн талаарх ойлголт муутай шууд холбоотой. Энэ 90 хувийг бүртгэлжүүлж авч чаддаггүйгээс бодлогоо зөв тодорхойлж юу хэрэгжүүлж, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа гэсэн үг.

Өнөөдөр хүчирхийллийн эсрэг гуравхан төв ажиллаж байна. Гэтэл орон нутагт хүчирхийлэл өндөр байна. Тэнд цагдаа ажиллана уу гэхээс хүчирхийллийн эсрэг төв байдаггүй.

Тиймээс цаашид аймаг, дүүрэг бүрт хүчирхийллийн эсрэг төв нээж байж энэ чиглэлээрх тусламж, үйлчилгээг өгөх, ойлгуулах юм л даа. Хүчирхийлэлд өртсөний дараа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, засах том үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгардаг. Энэ маш хангалтгүй байна. Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаараа сэтгэл зүйчээс зөвлөгөө, эмчилгээ авах боломжтой болох шаардлагатай. Энэ мэтчилэн цогц ажлуудыг бид хийх ёстой байна.

ТОМ СЭДВҮҮДИЙГ ХӨДӨЛГӨЖ ХУВЬДАА УЛСТӨРИЙН БОНУС АВАХ ГЭСЭН ЗҮЙЛ АЛГА.

Улстөрд орсон шалтгаан тань юу вэ?

Алсын хараа-2050 хөтөлбөрийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлчих санаатай л үзээд байна. Олон сэдвээр дуугарч олон зүйл рүү яваад байгаа юм шиг мөртлөө эцсийн зорилго нь нэг. Үүнд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудлууд багтаж эцсийн үр дүн нь иргэн рүүгээ чиглэж байгаа учраас идэвхтэй оролцож байна. Өнөөдөр эмнэлэгт үзүүлэхийн тулд очерлодог баймааргүй байна. Гэрээсээ гараад автобусны буудал руу хол алхдаг баймааргүй байна. Стандартын шаардлага хангасан явган хүний замаар алхмаар байна. Энэ бүхнийг сайжруулахын төлөө л ажиллана. Сая emongolia нээлтээ хийлээ. Үүний ажлын хэсэгт орж ажилласан. Энэхүү аппликэйшнээс 180 төрийн үйлчилгээг гар утаснаасаа авч болдог болж байна. Дараа жил гэхэд 500 үйлчилгээг авдаг болно. Хүний хамгийн үнэтэй баялаг бол цаг хугацаа. Энэ баялагт emongolia үйлчилгээ ихээхэн нэмэр болно.

Зарим гишүүд попорлоо гээд зэмлүүлж байна. Таныг энэ зэмлэл тойрсонгүй. Өөрийгөө хэр их попорч байна гэж бодож байна вэ?

Би одоо Х.Ганхуяг гэдэг иргэн хүн байхаа больсон шүү дээ. Хүмүүсийн амьдралыг сайжруулахыг төлөө ярьж байгаа зүйлийг попорч байна гэж үзэж байвал тэгээд дураараа л болцгооно биз. Миний ярьж байгаа зүйлүүдээс наадах чинь буруу байна гээд хэлчих хүн байхгүй л байна шүү дээ. Миний хийж алхам болгоны дараа Монголын ард түмэн хожиж байвал намайг юу гэж нэрлэх нь чухал биш. Энэ сэдвүүдийг хөдөлгөснөөр хувийн улстөрийн бонус авах гэж гүйсэн зүйл алга.

Ер нь хаана ч ялгаагүй улстөрд орохоороо хүссэн хүсээгүй муу нэртэй болж, зүхүүлэгсдийн тойрогт орчих шиг санагддаг. Энэ байдал өөрт тань хэр мэдрэгдэж байна вэ?

Дэлхий дахины хандлага ийм. Улстөрч гэхээр эергээр хүлээж авдаг нь тун цөөхөн. Өмнөх гучин жилээ дүгнээд үзэхэд л авлига, албан тушаалын хэрэг, хуулийн хулгай давамгайлж ирж. Гэхдээ хөгжсөн. Хөгжихдөө зөвхөн мөнгөний үнэ цэнийг харж хөгжсөн байна. Дандаа л эд баялаг ярьсан, хэн яаж хуваарилах тухай л ярьж ирж. Ингэхдээ иргэд рүүгээ биш дандаа том дэд бүтэц, мега төсөл ярьж ирж. Монгол хүн яг хэрхэн хожсон бэ гэж асуувал хариулж чадах хүн цөөхөн байх. Нөгөө талаар эргээд харахад ардчиллаа хамгаалж авч үлдэж чадсан нь Монгол Улс байна.

БИ ӨӨРИЙГӨӨ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГААСАН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА Л ДАА.

Таны улстөрийн замнал чамгүй адармаатай. Бие дааж өвдөг шороодсон, намаа шүүмжилсэн, сольсон гээд л хөвөрдөг. Хамгийн сүүлд 2020 онд АН-аас нэр дэвших гэж байгаад намынхаа даргыг нухчиж, 100 саяын жагсаалт дэлгэсэн. Ингэхэд энэ жагсаалт яаж таны гарт орсон юм бэ. Их л дуулиантайгаар улстөрд орж ирсэн хүний нэг бол та.

Би аль эрт АН-ын даргыг амлаж аваад сонгуульд үзнэ гээд зарлачихсан байсан. Шударга ёсны талд зогсохыг дандаа хичээдэг. Ардчилсан нам болохгүй байсан болохоор л тийм алхам хийсэн. Тэр жагсаалтын хувьд манай ажил дээр дугтуйтай захианы хамт ирсэн. Түүнийг үзээд харин хэвлэлийн хурал хийх үү, байх уу гэж их бодсон л доо. Дуугүй өнгөрөөж болох л байсан.Гэхдээ Ардчилсан намыг цэвэрлэгдээсэй гэж бодож дуугарсан. Улстөрийн талаас харвал хоёр том нам, хоёр том багана байх ёстой. Хүчтэй Ардчилсан намтай байж, хүчтэй Ардын намтай байна л гэсэн үг. Гэтэл хувийн эрх ашгаа дандаа улстөрчөөр хийлгэдэг, хамгаалуулдаг үзэгдэл манайд нэвччихсэн. Үүний угшил нь улстөрийн санхүүжилттэй л холбоотой. Нөгөө авлигал гэж яриад байгаа зүйл чинь улстөрийн санхүүжилтээс эхтэй. Тиймээс дуугүй өнгөрч чадаагүй. Хэн нэгэн компанийн баян даргын мөнгийг авсан улстөрч тэр компанийн төлөө л ажиллаж эхэлнэ биз дээ. Төрөөс хулгай хийж төсөл, тендер авч өгнө, эцэстээ хуулийн хулгай хийнэ. Дуусахгүй. Боломж гарвал шударга ёсны талд зогсож байх, иргэний зориг гаргах хэрэгтэй. Тэгж байж бид урагшаа алхана. Хэрэв тухайн үед би дуугүй өнгөрсөн бол энэ түүх яажшуухан төгсөх байсан ч юм бүү мэд.

Ардчилсан намын нэр хүндийг унагаасныхаа төлөө МАНаас нэр дэвших эрхээр шагнагдлаа гэж хардсан нь олон байсан л даа?

Ардчилсан намын нэр хүндийг унагаасан гэж бодохгүй байна л даа. Харин ч залуучуудад нь түрж орох, шинэчлэгдэх боломж олгосон гэж харж байгаа. 2016 онд бие дааж нэр дэвшиж байхдаа улстөр хавдартай болчихлоо. МАНАН гэдэг хавдар ч байна гэж хэлээд тэмцэхээ илэрхийлж байсан. Энэ тэмцэл өнөөдөр ч үргэлжилж л байна. Өөрийнхөө ярьснаас буцсан, үзэл бодлоосоо гажуудсан зүйл огтхон ч алга.

АНХ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЖ БАЙХДАА ҮНЭН СОНИНЫ БАЙРАНД ӨӨРИЙН ӨРӨӨ МЭТЭЭР УУЛЗАЛТ ХИЙГЭЭД СУУДАГ БАЙЛАА.

Өөрийн тань бизнесээ эхлүүлсэн түүх их сонирхолтой юм билээ. Энэ талаараа манай уншигчдад хуваалцахгүй юу? 

Намайг Солонгост эдийн засгаар магистрт сурч байх үед ээж минь нуруугаа гэмтээгээд хүнд мэс засалд орох болсон юм. Мэс засалд шаардагдах мөнгө нь тухайн үед манай гэр бүлийг хямраах хэмжээний байлаа. Тиймээс сургуулиасаа завсардаж, мөнгө босгох хэрэгтэй болсон. Тэгээд янз бүрийн арга сүвэгчилсээр мөнгөө босгосон бөгөөд үүнээс хойш бизнес хийх хэрэгтэй юм байна гэж шийдсэн дээ. Ингээд 2003 онд солонгос хэлний мэдлэгтээ дулдуйдан, Hite шар айргийг найзын хамт борлуулж эхэлсэн. Борлуулах эрхийг нь авахын тулд Үнэн сонины байранд хүний оффисын өрөөнд өөрийн өрөө мэтээр уулзалт хийж байлаа. Уг шар айргийг худалдаалдаг байсан бусад 5 компани нь MCS гэх мэт том компаниуд байв. Бид гурвуулхнаа, зардал багатай байсан болохоор бараагаа бөөний төвүүдэд хямд нийлүүлэх стратеги баримталсан нь үр дүнгээ өгч, жилийн дараа гэхэд нэг л өрсөлдөгчтэй үлдсэн. Улмаар бид түгээлтдээ онцгой анхаарсны хүчинд 2008 он хүртэл зах зээлдээ АПУ-гийн дараа орох тоглогч байлаа.

ШИНЭ МЭДЭЭ