СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Д.Баярсайхан: Намайг амьдралын шалгуур хурцалж, аавын минь сургаалт зоригжуулж, алсын хараа минь чиглүүлж явна
2020.09.30
Улстөр

Д.Баярсайхан: Намайг амьдралын шалгуур хурцалж, аавын минь сургаалт зоригжуулж, алсын хараа минь чиглүүлж явна

Хувьтай хүн хур борооноор гэдэгчлэн бидний уулзалт намрын хуртай энэ өдөр тохиосон юм. Нийслэл хотын гудамж чийг дааж, шүхэртэй хүмүүс ажил руугаа алхах хэдий ч тэд үл яарах шиг. Харин Гадаад харилцааны яамны баруунтаах нарийн гудамжаар намайг чиглэн, гүйх шахам яаран алхах нэгэн эрхэм миний уулзахаар товлосон хүн байлаа. Нийслэл Улаанбаатар хот, тэр дундаа өсч, өндийсөн, өдгөө ч дотно санагдах Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа 15 дугаар хороо, хуучны хэдэн байшин, хүүхдийн тоглоомын талбай, гэр бүл, найз нөхөд, залуу хүний хүсэл зориг, амьдралын хатуу, зөөлөн гэхчилэн түүнтэй хөөрөлдсөөр цаг хэрхэн өнгөрснийг мэдрээгүй юм. Зорилгодоо хөтлөгдөн, эрч хүчээр хөглөгдөн, өрөөлийн төлөө ихийг хийх зориг шулуудсан энэ эрхмийг таны өмнө дэлгэж байна. 


Сайн байна уу, Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Дашдоржийн Баярсайхан гэдэг. Би нэг ах, 3 дүүтэй айлын 2 дахь хүү. Миний аав Жадамбын Дашдорж, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн байсан. Аав маань хүнсний салбарт, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт насаараа ажилласан.

Залуу насандаа Нийслэл хотод ирж Мах комбинатаас ажлын гараагаа эхлэн ээлжийн ахлагч, цехийн Мастер болтлоо дэвшин ажилласан. Ээж маань ч энэ салбарт ажиллаж байгаад насны амралтаа эдэлж, үр хүүхдүүдээ харж, халамжлаад явж байна.

Ээжийг маань Балдангийн Цэцэгмаа гэдэг. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул. Нутаг усандаа алдартай шашин номын мөрийн Жанжигайхны удмын хүн. Миний ажил үйлс бүтэмжтэй, мөр бүтэн, зам тэгш явж байгаа минь ч энэ сайхан удам угсаа, ээж аавын минь буян, зөв хүмүүжилтэй шууд холбоотой гэж бодож явдаг. 

Хүн бүрт хүүхэд насны дурсамжтай, нандин үе байдаг. Таны хувьд хүүхэд насныхаа ямар дурсамжаа дэлгэх дуртай вэ?

- Манай гэр бүлийн амьдрал, миний бага насны хамгийн дурсамтай сайхан өдрүүд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо болон Нэгдүгээр хорооллын 19 дүгээр байрны 3 дугаар орцны 6 давхарт 94 тоот байранд өнгөрсөн гэж хэлж болно.

Аав, ээжийг маань салбартаа үр бүтээлтэй, амжилт гарган ажилласныг үнэлж 1989 онд улсаас энэ байрыг өгч байсан. Миний бага нас энэ дүүрэг, энэ хороо, энэ нутаг дэвсгэр, цэцэрлэг, сургуультай салшгүй холбоотой. 

Бага насандаа СХД-ийн 16-р хороонд байрлах 112 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, 81 дүгээр сургууль буюу одоогийн “Ирээдүй” цогцолбор сургуульд элсэн суралцаж, төгссөн. Сурагч байхдаа урлаг, спортод сонирхолтой хүүхэд байсан.

Би багаасаа таеквондогоор хичээллэсэн. Тавдугаар ангид байхдаа “International taekwondo” орж Улсын аварга, сургуулийнхаа шигшээ багийн гишүүн, сагсан бөмбөгийн сургуулийн аварга болж байсан. Долдугаар ангиасаа чөлөөт бөхөөр хичээллэж, Улсын баяр наадмаар хүүхдийн барилдаанд 2 удаа зодоглож байлаа. 

“...дарга, цэрэг, үйлчлэгч хэн ч бай бүгд л адилхан хүн. Миний хүү бусдыг ялгаж бүү ханд...” гэсэн аавынхаа сургаалийг хүү нь биелүүлж явна

Спортоор хичээллэдэг байсан ч сурлага сайтай хүүхэд байсан. Миний яг доод талын дүү маань хөгжлийн бэрхшээлтэй. Хүүхэд байхад дүүг маань шоглох, дээрэлхэх явдал их байв. Тиймээс дүүгээ байнга хамгаалж, өмгөөлж шоглож байгаа хүмүүстэй нь их тэмцэж өссөн. Аав, ээж маань улсын ажил хийдэг. Ээлжинд явдаг.

Том ах маань л 4 дүүдээ аав, ээж шиг нь л хоол унд хийж өгнө, хувцас хунар угааж бэлтгэдэг байлаа. Би ахдаа тусалж, 3 дүүгээ харж халамжлах ажил их хийнэ. Бага байхад аав маань надад бусдыг хүндэлж, хүнийг ялгаж бус байгаагаар нь хүлээн авч байх ёстой гэдгийг маш сайн ойлгуулсан юм байна гэж боддог. “Дарга, цэрэг, үйлчлэгч хэн ч бай бүгд л адилхан хүн.

Тиймээс миний хүү бусдыг ялгаж бүү ханд. Эр хүн шиг эр хүн бай. Хийе гэж бодож байгаагаа тууштай хий. Ахдаа нэмэр болж дүү нартаа ойрхон байж, дэмжиж тусалж, хамгаалах хүн нь чи шүү.” гэж аав маань их захидаг байсан. Би өнөөдөр ч аавынхаа энэ үгийг санаж, найз нөхөд, гэр бүлийнхэндээ тустай дэмтэй явж, ямар ч хүнийг хүн чигээр нь хүндэлж, харилцаж явдаг даа. Би 8 дугаар ангид байхдаа Монголын Улаан загалмайн нийгэмлэгт сайн дурын гишүүнээр элсэн орсон маань ч аавын минь захиастай холбоотой байх.

Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын гишүүн гэхээр багаасаа л бусдад тус дэм болж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байж дээ.

- Тухайн үеийн нийгэм чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд, ардчилал, эрх чөлөөтэй зэрэгцэн дэлгүүрийн хоосон лангуу, картын бараа, гахай үүрсэн ганзгын наймаанд явдаг үе. Одоогийнх шиг хэвлэл мэдээлэл нээлттэй байсангүй. Үзэж харах зүйл ч хомс.

Тэр үед Улаан загалмайн нийгэмлэгт гишүүнээр элсээд харах хүн, бүл хүчгүй хөгшид, эмэгтэйчүүдэд очиж туслах, хүнсний тусламж хүргэж өгөх, орчны цэвэрлэгээ хийх гэх мэт олон ажилд чин сэтгэлээсээ оролцож явдаг байсан. Энэ маань миний аливааг харах өнцөг, үзэл бодолд ихээр нөлөөлсөн төдийгүй хилийн чанадад очиж, сурч боловсрох боломжийг нээж өгсөн. Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн хүүхдүүдээс 6 хүүхэд шалгаруулан БНСУ-д олон улсын хүүхдийн зуслан сургалтад хамрагдах шалгаруулалтад би тэнцэж явсан юм. 

... миний үеийн хүүхдүүд ямар их зүйл мэддэг, чаддаг, аливааг өөрөөр, чөлөөтэй сэтгэж байгааг хараад би өөрийгөө өөрчлөх, өөрөөсөө эхлэх ёстой гэж шийдсэн. 

63 улсын шилдэг хүүхдүүдтэй хамт суралцаж, солонгос айлд амьдарсан 14 хоногийн хугацаанд би маш их зүйлийг ойлгож ухаарсан. Хэдийгээр сайхан газар амьдраад, олон орны хүүхдүүдтэй хамт байгаа хэдий ч гадаад хэл мэдэхгүй, өөрийгөө ойлгуулж илэрхийлж чадахгүй байсан.

Тэгээд би хүн ямар сайхан орчинд, ямар сайхан амьдарч, өндөр хөгжилтэй улс орон ямар их тав тух, боломж бололцоог ард иргэддээ олгож байдаг, бусад улсын миний үеийн хүүхдүүд ямар их зүйл мэддэг, чаддаг, аливааг өөрөөр чөлөөтэй сэтгэж байгааг хараад би өөрийгөө өөрчлөх, өөрөөсөө эхлэх, ядаж л гадаад хэл сурах ёстой гэж шийдээд ЕБС-иа төгсөөд Орхон их сургуульд элсэн суралцаж, Солонгос хэлний орчуулагч, багшийн мэргэжил эзэмшсэн.

Оюутан байхдаа ч хүмүүнлэг, сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлэн хийж, БНСУ-аас манай улсад хүмүүнлэгийн ажлаар ирж байгаа оюутан залуучуудтай хамт, хөдөө орон нутгуудаар явж орчуулагч хийн хэл, мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээ сайн үйлсийн ажилд тогтмол оролцдог болсон. Ингэснээр олон залуучуудтай танилцаж, олон ч зүйл сурч ойлгон хичээлээ их сайн хийдэг байлаа.

Цаашлаад олон хүн надад итгэл үзүүлж байхад би үнэнч, тууштай байх ёстой гэдгийг ухаарсан. Хэдийгээр гэр бүлийн маань амьдрал хүнд хэцүү байсан ч тухайн үед бусдад тусалж, дэм болж, түүнээсээ авах эрч хүч, урам зориг маань намайг өдөөж, сэтгэлд минь гал асаасан юм. 

“Хүн бусдад туслая гэвэл зөвхөн мөнгөөр бус сайхан сэтгэл, тус дэм, хайр халамжаар ч тусалж болдог”

Улаан загалмайн гишүүн байснаар амьдралыг харах өнцөг маань их өөрчлөгдсөн. Нийгэм, залуучууд руу чиглэсэн сайн үйлс, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд оролцож, өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон. Хүн бусдад туслая гэвэл зөвхөн мөнгөөр бус сайхан сэтгэл, тус дэм, хайр халамжаар ч тусалж болдог гэдгийг ойлгосон.

Улаан загалмайн нийгэмлэгийн ажилд хамрагдсанаар баян ч бай, ядуу ч бай, мэдлэгтэй, мэдлэггүй байхаас үл шалтгаалан хүн бол хүн байдаг. Сэтгэл гаргаж чадах л юм бол аливааг хийж болдог. Хүн ганцаараа бус багаараа, нийгмээрээ агуу зүйлийг хийж болдогийг харсан. Өнөөдрийг хүртэл энэ байгууллагын хүндэт гишүүн болтлоо явж байгаа маань бусдын төлөө багаараа ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан хийсэн бүхэн эргээд миний сэтгэлд аз жаргал авчирдагтай холбоотой юм. 

Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй хүн одоо агаарын тээврийн салбар ажиллаж байгаа нь ямар учиртай вэ?

- Их сургуулиа дөнгөж төгссөний дараа Аэро Монголиа компани БНСУ-руу нислэг үйлдэх болж, агаарын хөлгийн үйлчлэгч шалгаруулж авах гэж байгаа тухай мэдээд очиж шалгаруулалтад тэнцэж, агаарын тээврийн салбартай амьдрал, хувь заяа минь холбогдсон юм.

Тус компанид ажиллаж байхдаа Улаанбаатар их сургуулийн Бизнесийн удирдлагын магистраар суралцаж байгаад БНСУ-ын Нисэхийн их сургуульд оюутан солилцоогоор явж, Нисэхийн үйлчилгээний удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Нисэхийн салбар бол маш их хариуцлагатай, хүний хүчин зүйлээс ихээхэн хамаардаг учраас цаг бол цаг, дүрэм бол дүрэм, ягштал биелүүлэхийг шаарддаг салбар учраас энэ дадал, зарчим намайг хариуцлагатай хүн болгон төлөвшүүлсэн юм. 

Сургуулиа төгсөж ирээд Аэро Монголиа компанидаа үргэлжлүүлэн ажиллаж, хугацаанаасаа өмнө ахлах үйлчлэгч, багш, хэлтсийн дарга болж дэвшин ажилласан. Энэ хугацаанд компанийнхаа үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлсэн. Мөн энэ компанид ажиллаж байхдаа ноцтой ослын үед 34 хүний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан тул Зам тээврийн яамны болон тухайн компанийн удирдлагууд шагнан урамшуулж, “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнагдаж байлаа. 20 гаруйхан насандаа салбарын тэргүүний ажилтан болж шагнагдсан маань эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болж явах өндөр хариуцлага, итгэл надад хүлээлгэсэн гэж хүлээн авсан даа.

Харин өнөөдөр “Эйр Бусан” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдан ажиллаж байна. Бид Монголоос БНСУ-руу нисэхэд маш өндөр зардлаар зорчидог байсныг өөрчилж, хямд үнэтэй тийзээр, бага зардалтай нисэх боломжийг бий болгосон. Ингэснээр ард иргэдийн халааснаас гарч байсан тийзний зардлыг 40% багасгаж чадсан юм. Өнөөдөр БНСУ-руу зорчих иргэдийн тоо ч, Бусанаас манай улс руу ирэх жуулчидын тоо ч нэмэгдсэн. 

Таны хувьд бага наснаасаа нийгэм ч хэцүү байсан, хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ ч хамгаалах гэж их тэмцэгч чанартай хүүхэд байжээ гэж санагдлаа. Харин залуу хүний хувьд бусдыг манлайлж, удирдан чиглүүлэх ур чадвартай хүн юм уу гэж бодлоо. Энэ бүхэн юутай холбоотой вэ?

- Миний хувьд аав, ээжийн маань хүмүүжүүлсэн ухаан, гэр бүлийн төлөвшилтэй холбоотой юм болов уу гэж боддог. Аав, ээж маань биднийг багад “Ах дүүс эвтэй найртай байж, байгаагаа эн тэнцүү хувааж, хаана ч явсан бие биедээ тус дэмтэй амьдрах ёстой” гэж сургадаг байсан.

Аав маань намайг их үүрэгжүүлж, сургадаг байсан юм байна гэж одоо бодогддог. Ганц ахдаа тусалж бай, бие муутай дүүгээ асарч, хамгаал, ганц охин дүүгээ харж хандаж бай, отгон дүүгээ хайрлан халамжилж яв гэж хэлдэг байсан нь их нөлөөлсөн.

Би одоо ч аавынхаа хэлснээр гэр бүлийнхэнтэйгээ ойр байж, сайн дүү, сайн ах, сайн хүү байх гэж хичээж явна даа. Хэдийгээр гэр бүлийн маань хүн биш ч миний тус дэм хэрэгтэй болсон тэр л хүмүүст хүрч явахыг хичээдэг. 

Таны гэргий тантай адил агаарын тээврийн салбарын хүн гэж сонссон. Та гэр бүлээ танилцуулна уу?

- Тиймээ. Миний хань Баатарсүхийн Болор гэж бүсгүй бий. Бид Аэро Монголиа компанид ажиллаж байхдаа танилцан, гэр бүл болсон. Одоо бид 1-9 насны 3 хүүхэдтэй. Залуу хүмүүс учраас бид хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг.

Аав маань намайг бага байхад сайн хүн болоё гэвэл эрдэм мэдлэгийг сайн эзэмшиж, боломж гарах бүрт суралцаж, уншиж, мэдэж байх хэрэгтэй шүү” гэж их захидаг байсан. Тиймээс өөрөө ч тэр, хүүхдүүддээ ч тэр сурч, хөгжих боломжийг бий болгон, хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, сэтгэл санааг нь амар тайван байлгах гэж хичээдэг.

Би хүүхдүүдийнхээ бага насны аз жаргалтай дурсамжийг хамт бүтээж, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж явна

Гэр бүлдээ их анхаарал хандуулдаг санагдлаа. Их ажлын хажуугаар үр хүүхдүүддээ хэрхэн цаг гаргадаг вэ? 

- Хүн хичнээн завгүй байсан ч хань, үр хүүхдүүддээ заавал цаг гаргаж байх ёстой. Эхнэр маань хүүхдүүдтэйгээ өдөрт ихэнх цагийг өнгөрөөж байгаа учраас гэрий ажлаас хамжин хийлцэх, ялангуяа гарынхаа хоолыг байнга л хийж өгөхийг хичээдэг. Хүүхдүүд маань ч аавынхаа хийсэн хоолонд дуртай. Ямар ч аав хүн үр хүүхдээ дарга эсвэл баян хүн бол гэдэггүй. Өөртөө эзэн болж, бусдад тустай явж, сэтгэл санаа нь амар тайван, аз жаргалтай л байхыг хүсдэг. Би ч үүний адил хүүхдүүдийнхээ бага насны аз жаргалтай дурсамжийг бүтээж, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдөр ажиллаж байгаа гэж итгэдэг. 

Бид аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох сонгууль удахгүй болох гэж байна. Таны хувьд Нийслэл хотынхоо өсч, өндийсөн дүүргийнхээ ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байна. Сэтгэлд тань ойр дотно байв уу?

- Би 2004 онд анх МАН-ын гишүүн болсон. Угаасаа ч олон нийтийн ажилд идэвхтэй оролцож явдаг хүн оюутан байхдаа л улс төрийн намын гишүүнээр элссэн. Өнөөдөр МАН-ыг дэмжигч залуучуудын байгууллага болох 170 гаруй залуучуудын гишүүнчлэлтэй, YES МРР mongolia байгууллагын Бизнес эрхлэгч залуучуудын салбар байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас надад итгэл хүлээлгэн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д 16 дугаар хорооноос нэр дэвших боломж олгосонд нийт гишүүддээ талархал илэрхийлье. Энэ бол өндөр хариуцлага хэмээн хүлээн авсан. 

Би 2005 онд СХД-ийн “Ирээдүй цогцолбор” лаборатори сургуулийг төгссөн. Уг сургуулийг төгссөн нийт төгсөгчдийг нэгтгэсэн “Төгсөгчдийн холбоо”-г байгуулж, холбоогоороо дамжуулан олон арга хэмжээг хийж, хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд СХД, 16 дугаар хорооны иргэд, хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажил хийх бүрт улс төрийн шалтгаанаар маш их хориг саад тулгардаг байсан.

Гэтэл бид улс төрөөс үл хамааран дүүргийнхээ, хорооныхоо, нийгмийнхээ сайн сайхны төлөө л өөрсдийн санаачилга, хөрөнгө оруулалтаар ажил хийж, бүтээн байгуулдаг. Тиймээс дүүрэг, хороогоо хөгжүүлэх боломжийг өргөн хүрээнд хэрэгжүүлж, цаашлаад МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн бодлогыг төрийн үйлчилгээний анхан шатны нэгжээс нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн гадаад харилцааны чиглэлээр хуримтлуулсан туршлага, улс орнуудын хөгжлийн жишиг боломжийг нийслэл хот, дүүрэг, хороондоо нутагшуулах боломжуудыг ашиглахын тулд шийдвэрээ гаргасан юм. Дүүрэг, хорооны иргэд маань надад итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Иргэд хаалгаараа гараад л эрүүл, аюулгүй нөхцөлд алхаж, амар тайван орчинд амьдрах тэр нөхцөлийг нэг бодлогын дор бий болгох нь зүйтэй юм.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар СХД-ийн 16 дугаар хороонд АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан. Харин хууль батлах, гүйцэтгэх эрх мэдлийг МАН барьж байсан. Энэ дунд хороо, иргэд л хохирч, хөгжлийн, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гадна үлддэг тал бий.

Өнгөрсөн 4 жил энэ хороонд яг л ийм байдалтай байсан. Тиймээс иргэн хаалгаараа гараад л эрүүл, аюулгүй нөхцөлд алхах, амар тайван орчинд амьдрах тэр нөхцөлийг нэг бодлогын дор бий болгох нь зүйтэй юм. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд МАН парламентад олонх болж, Засгийн газрын эрхийг ч барьж байна. Дээд шатнаас анхан шатны нэгжид нэг нам эрх барьснаар хөгжлийн бодлогоо тууштай, амжилттай хэрэгжүүлэх боломжтой болно. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа 

ШИНЭ МЭДЭЭ