2020.12.11
Улстөр
Ж.Бат-Эрдэнэ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хэзээ өөрчлөлт оруулах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Нэн тэрүүнд "Эерэг хандлагыг бий болгоё" гээд манай эмэгтэй гишүүд санал гаргаад явж байх шиг байна. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал маш хүнд болж байгаа. Хэд хэдэн ноцтой гэмт хэргүүд гарсан. МУ-ын Засгийн газрын тэргүүн хэлэхдээ: "Гэр бүлийн хүчирхийлэлтэй хариуцлагатайгаар тэмцэнэ" гэж хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өөрөө орж ирээгүй байна. Энэ хуулийн хэрэгжилт дээр яаж хандах, ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ? Нилээд хэдэн өөрчлөлтүүд нь эдийн засагтай холбоотой гэж байх шиг байна. Энэ асуудал дээр зайлшгүй шийдвэрлэх хуулийн төсөл чинь орж ирэх ёстой шүү. Нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль орж ирээгүй байна.
Мөн тариалангийн тухай хууль, бэлчээрийн тухай хууль орж ирээгүй байна. Тариалангийн тухай хууль дээр гоц анхаарах хэд хэдэн заалтууд байгаа. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгчээр хэдэн зуун жил эрхэлсэн, энэ мал аж ахуй чинь зарим нэгэн аймагт тариалангийн талбайтай, тариалан эрхлэх хуультайгаа зөрчигдөөд, хасагдаж, шахагдах нөхцөл байдалд ороод байгаа. Зарим газар тариалангийн талбайд орлоо гээд малыг нь буудаад унагачихдаг. Орсон малыг нь хашиж байгаад талыг нь авчихдаг ийм зүйлүүд гарч ирээд байна. Тиймээс тариалангийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулж ирэх ёстой.
Мөн Бэлчээрийн тухай хууль яригдана. Бид нарын өнөөдрийн цар тахлын үед гоц яригдаад байгаа асуудлыг урьд өмнө олонтаа яригдаж байсан жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох. Үүний цаад гол зорилго бол ядуурлаа бууруулах. Тэгээд аж ахуй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудал байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн тухай хууль яригдахад 2020 оны 1-р сарын 1-ээс хүчингүй болгосон. Сангийн яамнаас төсөв ирэхдээ, төсөвтэйгээ уялдуулаад энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгочихсон. Үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг зайлшгүй сэргээж, оруулж ирэх хэрэгтэй байна.
Нөгөөтэйгүүр хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэх ёстой. Тосгоны эрх зүйн байдлыг эргэж харах цаг хугацаа нь болсон. Анх хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гарч байхад Монгол орны хэмжээнд нэлээн олон тосгодууд байсан. Одоо ч байгаа л даа. Тэр нь эдийн засгийн үндэслэлтэй, эдийн засгийн суурин дээр өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрлэл явж байгаа, үйлдвэрлэлийг тойрсон газар нутаг бүхий суурьшлын бүсийг тодорхойлж ирсэн. Одоо нөхцөл байдал зарим газарт өөр болж байна. Тийм болохоор буцаад хот тосгоны эрх зүйн тухай хуулийг оруулж ирэх, тосгонтой холбоотой асуудлыг эргэж харах хэрэгтэй.
Барилгын тухай хууль орж ирсэн байна. Гэхдээ би яагаад энэ мэргэжлийн байгууллагууд буюу мэргэжлийн сайд нарыг нэхээд байгаа вэ гэхээр тухайн хуулинд ямар өөрчлөлт оруулах ёстой гэдгийг мэргэжлийн үүднээс, мэргэжлийн сайдууд нь хариулах ёстой сайд та биш юм.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 7-р сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Өнөөдөр хүчирхийллийн дуудлага мэдээлэл олон түмэнд ил болсон. Гэр бүлийн хүчирхийллийн талаар илүү их мэдээлэлтэй болж байна. Цаашид тодорхой үр дүнгүүд гарах байхаа гэж бодож байна. Жилд 7000-8000 хүн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлах шийтгэл авч байна.