МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.07
Хууль, эрх зүй

Ц.Идэрбат: Улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад төсвийн хууль зөрчдөг тул санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022, 06, 07/хуралдаанаар "Ахмад настны тухай", Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Нийгмийн бодлогын байнгын хорооноос ахмад настны хуулийн хэрэгжилтийн асуудлаар ажлын хэсэг гаргаад, ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нилээдгүй ажил хийснийг тайланд тусгажээ. Ахмад настны тухай хуулин дээр тусгагдсан хэрнээ ажил хэрэг болохгүй, амьдрал дээр нийцэхгүй байгаа зөрчилтэй олон асуудлуудыг шийдвэрлэх талаар тогтоол гарч байна. Тогтоолын төсөлтэй холбоотой хэдэн санал байна.

1.3 дээр ахмадын сангийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд төсөвт байгууллагууд тухайн жилийн төсвийн төсөлдөө ахмадын санд төвлөрүүлэх хөрөнгийг тусган батлуулж, ахмадын санг байгуулан Монголын ахмадын хороотой хамтран ажиллах гэсэн байна. Аудитын газраас үүнд ямар зөрчил үүсдэг болоод ингээд байдаг юм бэ. Зөрчил нь Аудитын хуулинд байна уу, төсвийн хуулин дээр байна уу. Орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагууд иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа оруулж батлуулдаг. Босоо буюу улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд дээр хэрэгжихгүй байгаа. Энэ хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан юм. Орон нутагт байгаа босоо буюу улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд цалингийн сан дээрээсээ жоохон юм гаргаад ахмадууд руугаа хандчихаар Аудитын байгууллагаас төсвийн хуулийг зөрчиж байна гэж акт тавиад байгаа юм. Энэ асуудлын шийдэл хуулийн хаана байгаа вэ?

Мөн ахмад настны тухай хуульд заасан ахмадын зориулалттай ахмадын сувилалын эрхийн бичгийн ор, хоногийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэжээ.  Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол халамжийн сангаас гардаг хөрөнгийн дийлэнх нь ахмад настны амралтын асуудалтай холбоотой байдаг. Нэмэгдүүлэх хүсэлтийг амралтын газраас ирүүлсэн үү, ирүүлээгүй юу. Хэрвээ ирүүлээгүй бол энийг заавал оруулах шаардлага байна уу?

1.8-т орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн асрамжийн барилга, байгууламж хөрөнгө оруулалтын шаардлагатай зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх гээд орсон байна. Жишээ нь: Дорнодын ахмад настны асрамжийн төв бол зүүн 3 аймгийн асуудлыг шийдэж байгаа юм. Түүний хөрөнгийг зөвхөн Дорнод шийднэ гэвэл учир дутагдалтай. Хэдхэн байгаа асрамжийн газрынхаа хөрөнгийг улсын төсвөөсөө шийдэх нь зөв. тогтоолын төсөл дээр үүнийг өөрчлөх нь зөв гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ