2022.12.02
Улстөр
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Шүүх хурлыг олон удаа хойшлуулдаг асуудлыг анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Ард иргэдийн дунд шүүх засаглалын нэр хүнд ямар байх нь шүүхээс гарч буй шийдвэр болон бусад зүйлээс шалтгаална. Улс орноо тонон дээрэмдсэн гэх асуудалд шүүх ямар байр суурьтай байх вэ гэдэгт иргэд бухимдаж, нэлээн хяналттай байгаа. Хүн төрөлхтний хамгийн адгийн зүйл бол улс орноо тонон дээрэмдэх гэж их сэтгэгч Г.Гегель хэлсэн байдаг.
Гэтэл манай улсад Эрдэнэтийн 49% 2016 оноос хойш ярьсан. Өнөөдөр 6 жил болж байна. Энэ асуудаг таг. Мөн хөгжлийн банкны асуудал таг. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн нь хүртэл энэ хууль бус хулгай дээрэмтэй тэмцэхээ илэрхийлж, шүгэл үлээгээд, асуудлыг гаргаад мөрдөх байгууллагууд нь шалгаж, эцэслээд хууль хяналтын дараагийн байгууллага руу очдог. Эндээс эхлээд ард иргэдийн дунд хүлээлт үүсдэг.
Жишээлбэл хөгжлийн банкны асуудлаар 18 удаа шүүх хурал нь хойшилж, зээлээ төлөх ёстой 200 тэрбум төгрөгөө төлөхгүйгээр гадаад руу явчихсан. Магадгүй 18 биш 2,3 удаа хойшилсон бол төлөх ёстой зээл нь төлөгдчихсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Ийм байхад ард, иргэдийн бухимдал ямар байх нь ойлгомжтой. Энэ бүхэн шүүх засаглалын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хөдөө орон нутагт ард иргэдтэйгээ уулзаж байх үед хууль хяналтын байгууллагаар шалгагдсан хэргүүд өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдэхгүй байгаа гэдэг. Хариуцлага тооцох ёстойг 76 гишүүн бүхэнд дайж буй. Тиймээс нэр дэвшиж байгаа 3 хүнд энэ асуудлыг анхаарайсай гэж хэлмээр байна. Энэ ганц миний үг биш шүү.
Зүмбэрэллхам дарга шүүхийн ачааллыг багасгахад УИХ-ын 48-р тогтоол саад болж байна. Энэ тогтоолыг засаж өөрчлөхөд шүүхийн ачааллыг зохицуулаад явах боломжтой гэж хэллээ.
Тэгвэл шүүх хурлыг 18 удаа хойшлуулж байгаа процессыг зогсоох ямар бололцоо байгаа юм бэ. 18 гэдэг чинь арай хэтэрхий байна шүү дээ. Энэ асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар хүчийн зүйлээс шалтгаалж хойшилж байна гэдгээ УИХ-д оруулж ирээч ээ.
Орон нутагт олон хүмүүсийн цалин, хөлстэй холбоотой асуудал гардаг. Мөнгийг нь өгөхгүй байх зэргээр. Тиймээс шүүхэд ханддаг. Энэ асуудал жил гаран үргэлжлэх процесстой болдог. Уг асуудлаас болоод олон хүн хохирч байна.
Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.