МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгууд бүсийн аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо хэлэлцлээ
2022.11.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгууд бүсийн аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо хэлэлцлээ

МУ-ын Засгийн газрын "Алсын Хараа-2050" бодлогын баримт бичигт Монгол улсын аялал жуулчлалыг газар зүй, байгаль,  түүх, соёлын онцлогт тулгуурлан хөгжүүлэх зургаан бүсчлэлд хуваан хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд түүхэн аялал жуулчлал, Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газрууд бүхий бүс нутгийн Түүхэн аялал жуулчлалын маршрутыг боловсруулах, аялал жуулчлалын маршрутыг сурталчлах, түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хэнтий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнийг МУ-ын Ерөнхий сайдын ажлын алба, БОАЖЯ, Соёлын яам, Хэнтий аймгийн ИТХ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл, Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн ХАҮТ, бүсийн аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид дэмжин оролцсон юм.

Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүс нутгийн хөгжлийн асуудлыг дэвшүүлсэн тус зөвлөгөөнд ач холбогдол өгч Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.

Ерөнхий сайд “Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.

Төр, хувийн хэвшлийнхэн одооноос  төвлөрч ажиллах шаардлагатай”-г хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Тус зөвлөгөөнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нар “Аялал жуулчлалын хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Соёлын дэд сайд М.Батбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир харьяа яам, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.

Ирэх сарын эхээр МУ-ын Засгийн газраас Аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалт оруулсан байна.

Тухайлбал, Байгалийн, түүхийн аялал жуулчлалаас гадна цэнгээнт аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох гэх мэтчилэн хэд хэдэн чухал зохицуулалтыг тусгасан. Хууль батлагдсанаар аялал жуулчлалд тулгардаг олон асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ