МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын бүх ард түмний спортын XV дугаар наадамд түрүүлсэн тамирчид, багш дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүллээ
2022.09.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монголын бүх ард түмний спортын XV дугаар наадамд түрүүлсэн тамирчид, багш дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүллээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-ний өдрүүдэд болж, спортын 26 төрлөөр шалгарсан шилдгүүдээ шагнаж урамшуулсан.

21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг шалгарсан бол 21 аймгаа хошуучлан Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ.

Хэнтий аймаг спортын 24 төрөлд 157 тамирчин, 17 багш дасгуулагчтайгаар оролцож ийнхүү анх удаа Монголын бүх ард түмний наадамд багийн дүнгээр тэргүүллээ. Өмнө нь 1967 онд аймгийн Биеийн тамирын нийгэмлэгийг Д.Дашдорж гуай удирдаж байхад III  байр эзэлж, тухайн үед төрөөс Хэнтий аймгийн Спорт цогцолборын Б заалыг /жижиг/ шагнал болгож барьж өгч байжээ.

УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас түрүүлсэн баг тамирчдаа оройн зоогт урьж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн, Биеийн тамир, спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын зөвлөх Б.Наранбат нар Хэнтий нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж амжилт үзүүлсэн тамирчид, багш, дасгалжуулагчдаа хүлээн авч тэдэнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, үндэсний спортын холбоодуудтай хамтран ажилласан нь өнөөдрийн амжилтад хүргэснийг БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар онцолж байлаа. 

Монголын Үндэсний Спортын VII дугаар наадам, Монголын бүх ард түмний XV наадамд тамирчдаа бэлтгэх хороог 2021 онд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсайхан ахалж, дэд даргаар аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, нарийн бичгийн даргаар БТСГ-ын Төрийн захиргааны удирдлагын албаны дарга Г.Солонго нараар ахлуулан байгуулж, урт хугацаанд тамирчдаа бодлогоор бэлтгэсний үр дүн гарсныг мөн тэмдэглэв.

Үүнчлэн УИХ-ын гишүүн, Биеийн тамир, спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож бүх ард түмний наадмыг зохион байгуулахад Хэнтий аймаг багаараа тэргүүн байр эзэллээ хэмээж бэлгэшээж, аймгийнхаа 100 жилийн ойг угтсан амжилт юм хэмээн багш дасгалжуулагчид, тамирчид ярьж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ