МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Оюухай" наадмыг бодлогоор дэмжиж, яруу найргийн "Эвент" болгон зохион байгуулна
2022.09.24
Орон нутгийн хөгжил

"Оюухай" наадмыг бодлогоор дэмжиж, яруу найргийн "Эвент" болгон зохион байгуулна

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь "Хэрлэн тооно" утга зохиолын салбар, Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд сан”-гийн санаачилгаар  Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадмыг зохиолчийн төрсөн нутаг Дархан суманд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Оюухай-2022” яруу найргийн наадмын нээлтэд очиж, УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээ төлөөлөн зохион байгуулагч МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” утга зохиолын салбарын хамт олонд баяр хүргэж, талархал гардууллаа.

Анх аймгийн Засаг дарга Ц.Балдандорж гуайн санаачилгаар Оюухай наадам 1993 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд түнээс хойш 29 жилийн хугацаанд 12 дахь удаагаа ийнхүү зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд 60 шахам уран бүтээлчийн 162 бүтээл ирсэн. Үүнээс шүүгчдийн бүрэлдэхүүн 20 яруу найрагчийн шүлгийг шалгаруулжээ. Түүнчлэн тус наадамд урилгаар 10 яруу найрагч оролцож, нийтдээ 30 уран бүтээлч өрсөлдөв.

Яруу найргийн наадмын хүрээнд Р.Чойномын нэрэмжит аймгийн төв номын сангийн ховор номын үзмэр, зохиолч, яруу найрагчдын номын үзэсгэлэнг гаргасан байна. Үүнчлэн Зохиолч- уншигчийн уламжлалт уулзалт, Яруу найрагч Р.Борхүүгийн номын нээлт наадмын хүрээнд болно гэв.

Тус наадмыг "Болор цом-24" наадмын эзэн, яруу найрагч Д.Галсансүх, "Болор-Цом-38" наадмын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Утга зохиол судлаач Г.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүн явуулсан юм.

Их найрагчийн амьдрал, уран бүтээлийг нийтэд сурталчлан таниулж, Хан Хэнтий нутгийг өргөмжлөн өргөж буй явдалд УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс зохион байгуулагчдад гүнээ талархаж, цаашид Оюухай наадмыг УИХ-ын гишүүд, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр яруу найргийн “эвент” арга хэмжээ болгон тэмдэглэж байхаа илэрхийллээ. Тухайлбал, аймгийн 100 жилийн ойг угтан ирэх жилийн хавар зохион байгуулахаар хэлэлцэв.

ШИНЭ МЭДЭЭ