МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.06

Ц.Идэрбат: Монголын банкны зээлийн мэдээллийн сангийн асуудалд уян хатан хандах боломжтой юу

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Инфляц 14,4 хувьтай байна. Мөнгөний бодлогын зорилтод 1 оронтой тоо руу оруулна гэсэн байгаа. 14,4 хувь руу оруулахад гол нөлөөлсөн зүйл бол цар тахал, хил гааль, дайн байлдаан. Ирэх 2023 онд өнөөдрийн хүнд байдалд оруулсан нөхцөл арилна гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Байдал үүнээс дээрдэхгүй байвал мөнгөний бодлого цаашдаа ямар байх вэ. Нөөц төлөвлөгөө байгаа юу ?

Дотоодын аж ахуйн нэгжүүд томоохон Мега төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд гаргаж чадахгүй байна. Мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой томоохон гадны банкуудыг оруулж ирэх бололцоо бий юу? 2023 оны төлөвлөгөөнд энэ талын зүйл, заалтууд байгаа юу?

Ирэх жил мөнгөний бодлогыг чангатгана, зээл хумигдана гэсэн дүр зураг анзаарагдаж байгаа юм. Гэтэл орон нутагт ажиллах залуучуудын ипотекийн 6%-ийг 3% болгоно. Урьдчилгаа 30 хувийх нь 60-ыг төр хариуцна гэсэн. Энэ бол орон нутагт хүлээлттэй байгаа зүйл.

Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэж бий. Энэ сангийн хар жагсаалтад орвол насан туршдаа арилдаггүй хүнд байдал үүсдэг. Бизнесийн асар их дарамт, саад учруулдаг. Энэ жагсаалтын асуудалд зээлийн хэмжээ, түүхээс шалтгаалаад тодорхой хэмжээнд арилдаг, уян хатан нөхцөлтэй байх бололцоо байна уу?

Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ