МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлав
2022.11.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Байнгын хороо энэ хуулийн 8.1-д заасан ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг тогтоолоороо батлах бөгөөд ажлын хэсэг уг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хороо, шаардлагатай бол нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч танилцуулна.” гэж заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Туваан, Б.Бейсен нар ажлын хэсэг хяналт шалгалт хийхдээ анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар саналаа хэллээ. Тухайлбал, аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа махны үйлдвэрүүд, мал, мах бэлтгэн нийлүүлэгч нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл авахын зэрэгцээ малын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг хэлж байв. Мөн аж ахуйн нэгжид хөнгөлөлтэй зээл олгох, мал, мах экспортлох зөвшөөрлийн асуудлыг хөндлөө.

Ингээд “Мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 81 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ