Сурагчид сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ хэрхэн эдлэх талаар суралцлаа
2023.06.05
Улстөр

Сурагчид сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ хэрхэн эдлэх талаар суралцлаа

“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургалтыг оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р тусгай сургуулийн 28 сурагчдад амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг оролцооны аргад тулгуурлан явуулсан ба, сурагчид багаар ажиллан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулж, нэр дэвшин бусаддаа танилцуулсан нь хүүхдүүдэд маш сонирхолтой байв. Сургалтын “Хариуцлагатай сонгогч сонгуулийн өдөр юу хийх вэ?” сэдвийн хүрээнд өмнөх өдрийн хичээлийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судлан, сонголт хийж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхэд хэн нэгний хөндлөнгийн нөлөө, дарамт шахалтад өртөлгүй саналаа нууцаар гаргах аргад суралцсан. Сургалтын төгсгөлд сурагчид сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ хэрхэн эдлэх талаар маш их зүйл сурч мэдэж авсан талаар сэтгэгдлээ хэлж байлаа.

Увс аймгийн төв Улаангомд “Хариуцлагатай сонгогч” оролцогчийн сургалтад “Улаангом” политехникийн коллежийн оюутан залуус оролцож, сонгуулийн хууль тогтоомж, ач холбогдол, үйл явцын талаар ойлголт, мэдлэг олж авахаар шамдан суралцлаа. Увс аймаг дахь “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургагч багш Г.Болор-Эрдэнэ, Д.Баяраа нар 3 дахь удаагийн сургалтаа ийнхүү зохион байгууллаа.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  2022 оноос хамтран хэрэгжүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ