“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт боллоо
2023.10.23
Улстөр

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт боллоо

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт өнөөдөр болж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гадаадад ажиллаж, амьдардаг сонгогчдын сонгох эрхийг хангах хуулийн шинэ зохицуулалт болон дэлхийн улс орнуудын туршлагын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг нар сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өглөө.

1992 оноос хойш зөвхөн 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авч байсан. Тэгвэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй” гэж заасан. Ингэснээр 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх боломжтой болох юм. Өмнө нь Монгол улсын дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж, санал өгөхөө мэдэгддэг байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар харилцаа холбооны ямар ч арга хэлбэрээр санал өгөхөө мэдэгдэх боломжтой. Түүнчлэн хугацааны хувьд гадаадад санал авах өдөр нь 4 хүртэл өдөр байхаар хуульчилсан байна.

Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сонгуулийн боловсрол” клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжиж ажилладаг юм. Клубийн дараагийн уулзалтыг “Цахим аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ