Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа
2023.10.20
Улстөр

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тайлбарлан таниулах сургалт, уулзалтыг Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Дундговь, Төв аймагт зохион байгууллаа. Сургалт, уулзалтаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, арга зүйгээр хангаж ажиллав. Сургалтад нийт 350 гаруй төрийн албан хаагч хамрагдсан юм.

Улс төрийн намуудын орон нутаг дахь салбарын гишүүд, дэмжигчдийн төлөөлөлд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө. Уулзалтад оролцогчид улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодруулан асууж, мөн сонгуулийн зохион байгуулалтын талаар саналаа хэлж байлаа. Тухайлбал, бэхэн тэмдэглэгээ хийх явцыг ажиглагчдад харагдахуйц байдлаар хийх, санал авах өдөр сонгогчдод нөлөөлж болзошгүй удирдах албан тушаалтныг санал авах байрны гадаа байхыг хориглох зэрэг санал хэлэв. Өнгөрсөн 9 дүгээр сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймагт сургалт, уулзалт зохион байгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ