Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2022.11.08
Хууль, эрх зүй

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.08) хуралдаан 68.4 хувийн 10 цаг 17 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.


Хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа гэснийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгажээ. Хуулийн төсөлд зөвхөн тус зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан болно. Хуулийн төсөл 4 зүйлтэй байх бөгөөд дараах асуудлыг тусгасан болохыг Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагч байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсний талаар зохицуулалт нь Засгийн газрын тогтоолоор тус тус шийдвэрлэхээр заасан байдаг. Иймд тус байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоохоор тусгажээ.

Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгасан гэв. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор төсөлд тусгасан байна. Мөн тусгай албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг хуульд тусгахаар төслийг боловсруулжээ.


Мөн хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан байна. Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан болохыг төсөл санаачлагч Б.Пүрэвдорж танилцуулав. Улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авав. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагч болгох шаардлагын талаарх гишүүдийн асуултад төсөл санаачлагч хариулт өгсөн.

Үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой хууль тогтоомж, шийдвэр бүрийг хэрэгжүүлж, хангах үүрэг хүлээх, гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргах зэргээр энэ байгууллага үндсэн агуулгаараа төрийн тусгай чиг үүргийг бүрэн гүйцэтгэж байдаг, түүнчлэн олон улсын жишгийн дагуу гэдэг тайлбарыг Б.Пүрэвдорж гишүүн өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “13.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх …”, 13.1.7-д “хуульд заасан бусад албан тушаал” гэж заасан байдгийг тэрбээр дурдсан. Тус байгууллага нийт 310 албан хаагчтай, түүний 95 нь төрийн үйлчилгээний, үлдсэн 215 нь төрийн захиргааны албан хаагч юм байна. Тус байгууллагын төсвийн нийт зардлын 86 хувь нь албан хаагчдын цалин хөлс, үлдсэн 14 хувь нь үйл ажиллагаагаа явуулах зардал байсан ч сүүлийн жилүүдэд төсвийг зохих хувиар нэмэгдүүлж үйл ажиллагаа хэвийн явуулах боломж сайжирсан гэлээ.

Нийт албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн статустай болгосноор ажилласан 1 жилийг 1.3 жилээр тооцох гэх мэт төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудтай адил эрх зүйн зохицуулалтад орох юм байна. Үүгээр тус байгууллагын албан хаагчдын нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэж үзжээ. Төсөлтэй холбогдуулан Засгийн газрын санал дүгнэлтийг авсан эсэх, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тооцооллын талаар гишүүд тодруулж, хариулт авсан.

Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 84.6 хувь нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ