Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлтийн ёслол боллоо
ТҮҮХЭН БОГИНО ХУГАЦААНД ЦОГЦЛООСОН ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226,9 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО.
Монгол Улсын хилийн төмөр замын 2 дахь гарцыг нээж Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтэц тээвэрт бэлэн боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 8 сарын хугацаанд бүтээн байгууллаа.
2018 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нэмж Зүүнбаян-Ханги чиглэлийг тусгасан. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” барихаар шийдвэрлэж гуравдугаар сард бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж байсан бол товлосон хугацаандаа төмөр замыг барьж өнөөдөр /11-р сарын 25–ны өдөр/ ашиглалтад оруулж байна.
Концессийн “Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” нөхцлийн дагуу “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл гүйцэтгэлээ. Концессын гэрээний хугацаа дуусмагц суурь бүтцийг үнэ төлбөргүй улсад бүрэн шилжүүлэх юм. Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын нутгаар нийт 266.9 км үргэлжилсэн төмөр зам. Ханги боомтын талаас төмөр замын эхлэл 0 цэгээс “Ханги” өртөө хүртэл 14 км хэсэгт өргөн цариг, мөн олон улсын 1422мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн байгуулснаараа онцлогтой. Ингэснээр Хятадын төмөр замтай Ханги-Мандал боомтоор шууд холбогдоход бэлэн.
Монгол Улсад мөрдөгддөг төмөр замын стандартуудаас III зэрэглэлтэй. 1520мм өргөн царигтай. Зүүнбаян-Ханги төмөр зам нийт 20-25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орж байгаа эхний шатанд 7 сая тонн хүчин чадлаар тээвэр эхэлнэ. 2023 онд II үе шатанд 15 сая тонн чадамжид хүрнэ. 2024 оны хоёрдугаар хагаст III үе шатанд 20-25 сая тонн тээвэрлэнэ. Үндэсний суурь бүтэц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг Зүүнбаян-Тавантолгой төмөр замын 111 км дээрээс салаалсан. Энэ нь Монгол Улсын анхны 3 чиглэлийн төмөр замын уулзвар бөгөөд тээврийг зохион байгуулж ачааг шаардлагатай чиглэлд хуваарилах ач холбогдолтой. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ачаа тээвэрт 4000 вагон эргүүлнэ. Үүнээс 3000 вагон нь задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай орчин үеийн шинэ загвартай. Энэхүү загварын зохиогч нь “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл өөрсдөө юм. Зүүнбаян-Ханги төмөр замын төслийн Концесс гүйцэтгэгч “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл Монголын төмөр замын салбарын 70 жилийн түүхэнд хувийн хөрөнгө оруулалтаар 2 дахь төмөр замын суурь бүтцийг байгууллаа.
Үндэсний төмөр замын салбарт 15 дахь жилдээ уул уурхайн бүтээгдэхүүн буюу жин ихтэй, нурмаг ачааны экспортыг өөрийн төмөр зам, хувийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэж байна. Сэлэнгэ аймагт Баянголын төмөр замын 115 км суурь бүтэц, 12 зүтгүүр, 300 вагон, засвар үйлчилгээний Депо зэрэг хөдлөх бүрэлдэхүүний цогц парктай анхны хувийн хэвшил. Монголын эрдсийн экспортын зорилтод зах зээл Хятад руу гарах хамгийн дөт гарцыг Зүүнбаян-Хангийн төмөр зам нээж байна. Экспортын масс бүтээгдэхүүний тээврийн зардал буурна. Дархан, Сэлэнгийн бүсээс уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зай богиносно. Тавантолгойн нүүрсийг экспортлох хоёр дахь зэрэгцээ чиглэл болно.
Дэлхий дахинд цар тахлын дараах хүндрэл, хил гаалийн саатал, ханган нийлүүлэлт тасалдал, геополитик хурцадмал байдал, олон улсын эдийн засгийн хямралтай амаргүй цаг үед Монгол Улсын түүхнээ хамгийн богино хугацаанд Зүүнбаян-Ханги төмөр замыг цогцлоож байна. Төслийн хүрээнд дотоодын 186 аж ахуйн нэгж, 3000 гаруй хүн хүч, 1500 орчим техник ажиллалаа. Төр хувийн хэвшлийн түншлээр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болоод тэргүүн туршлага, үндэсний цэрэг армийн хүч, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран, дотоодын үйлдвэрлэлээр дэмнэж Зүүнбаян-Ханги төмөр замыг бүтээн байгууллаа.