Булган аймаг нь эко аялал жуулчлалын загвар аймаг болно
2023.01.23
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Булган аймаг нь эко аялал жуулчлалын загвар аймаг болно

Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлцгээе уриан дор visit bulgan-2023 аялал жуулчлалын форум булган аймгийн хялганат тосгонд болж байна. 

Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу Булган аймгийн ЗДТГ-аас “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлцгээе, Хогоо шийдэж- Стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг халах уриан дор “Visit Bulgan-2023” аялал жуулчлалын форумыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгож 2023 онд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ хүрээнд Булган аймаг жуулчид хүлээн авах бэлтгэлээ хангаж “Visit Bulgan-2023 аялал жуулчлалын форум” -ыг оны эхэнд зохион байгуулж байгаад талархаж байна. Мөн “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан ба Хаврын нэгдсэн чуулганаар эцэслэн батлахаар ажиллаж байна. Уг хуулийн төслийг батлуулахад орон нутгийн аялал жуулчлалын холбоо, төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн санал, туршлага хэрэгтэй ба идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн нутгийн онцлогтоо тулгуурлаж аялал жуулчлалын бүсээ зөв тодорхойлж, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг уриаллаа.

Булган аймаг нь нутгийнхаа дахин давтагдашгүй байгалийн тогтоц, онцлог, ахуй соёл, уламжлалт анагаах ухаан, эмчилгээний рашаан сувилалд тулгуурлаж гадна дотнын жуулчдыг татах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж “ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАГВАР АЙМАГ” болох зорилтыг тавьжээ.

Мөн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Орхон сумын “Өрмийн цагаан нуур”-ын эрэгт "Айргийн баяр”-ын арга хэмжээг брэнд арга хэмжээ болгож тогтмол зохион байгуулж буйг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ онцолж байв.

Форумд оролцож буй аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой мэдээлэл авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, отоглох цэгтэй холбоотой асуудалд хариулт авлаа.

Форум хоёр өдөр үргэлжлэх ба Булган аймгийн бүх сумдын дунд зохион байгуулагдах ӨВЛИЙН СПОРТ-ын наадам болно. 

ШИНЭ МЭДЭЭ