Морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллана
2023.12.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Морин спорт, уяачдын холбоотой аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллана

БОАЖЯ, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран үндэсний өв соёлоо хадгалсан ойрын зайн морин уралдаан, аяллыг жуулчдын хөтөлбөрт оруулах, тусгай сонирхлын буюу морин спорт сонирхогчдод зориулсан хөтөлбөр гаргахад хамтран ажиллана.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын Алдарт уяач Ч.Хишигбаатар, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү, ММСУХ -ны тэргүүлэгч гишүүн СГЗ Л.Цагаандалай болон албаны бусад хүнийг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэжээ. Монголд морьтой холбоотой түүх, соёлын өв арвин тул адал явдалт аялал зохион байгуулах, морин уралдаан, үзүүлбэр бүхий хөтөлбөр гаргах өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт оруулах зэрэг хамтран ажиллах олон боломж бий, "Морьтон дээдсийн үр сад бид морь, морьтны соёлоосоо хөндийрсөөр байгаад санаа зовж байгаа" талаар ярилцсаныг БОАЖЯ мэдээлэв.

Монголын морин спорт, уяачдын холбоо монгол морийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлэхээр 2013 онд түмэн морьтны жагсаал зохион байгуулж, 4000 гаруй хурдан морь нэг дор уралдуулснаар хоёр төрөлд дээд амжилт тогтоосон байдаг. Тодруулбал 21 аймгийн бүх сумаас морьтон монголчууд Хүй долоон худагт цуглаж, 11125 морьтны жагсаал зохион байгуулж, 4249 морь уралдуулсан нь дэлхий дахинд хамгийн олон морьтон цуглаж уралдсан амжилтыг тогтоожээ. Энэ хоёр амжилтыг одоо ч хадгалж байгаа. Тухайн үед Монголчууд моринд эрэмгий, 4 настай балчраас 80 настай буурал хүртэл морио унаж оролцсон нь Гиннесийн албан ёсны шүүгчдийн анхаарлыг татсаныг онцолж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ