БОАЖЯ: "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг 2000 гаруй хүн сонирхлоо
2023.05.08
Байгаль Орчин, Аялал жуулчлал

БОАЖЯ: "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг 2000 гаруй хүн сонирхлоо

БОАЖЯ болон харьяа 10 байгууллагат буй 76 сул орон тоог олон нийтэд нээлттэй танилцуулах "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг "Мишээл" Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

"Төрийн алба нээлттэй, шударга, чадварлаг байх ёстой" гэдгийг үйл ажиллагааны нээлтийн үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чин сэтгэл гарган хамтран ажиллахад нээлттэй гэдгийг мөн тодотгов.
Өдөрлөгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд М.Ганбаатар, ТНБД С.Цогтгэрэл болон харьяа газар, хэлтсийн дарга нар, 186 албан хаагч оролцон ажил мэргэжлээ нээлттэй танилцууллаа. Үйл ажиллагааг давхардсан тоогоор 2000 гаруй хүн сонирхож, 1630 хүнд нээлттэй ажлын байр болон бусад мэдээлэл өгч, 50 гаруй анкетыг цаасаар мөн тооны анкет цахимаар хүлээн авсан байна.
Өдөрлөгийн үеэр харьяа газрууд өөр өөрсдийн онцлогийг сурталчлан олон нийтэд мэдээлэл өгөв. Тухайлбал Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн газар өдөрлөгт оролцсон иргэдээс судалгаа авч 200 гаруй Шинэс модны тарьц, суулгац үнэгүй тарааж, 500 орчим хүнд мод тарих зөвлөмж өгч, үр бүхий бяцхан ном, мэдээллийн гарын авлага 380 ширхэгийг тараажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэлтэй иргэд төрийн үйлчилгээний болон төрийн жинхэнэ албан хаагчийн нээлттэй ажлын байрны мэдээлэл болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтын мэдээллийг БОАЖЯ-ны www.met.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ