Д.Дэлгэрсайхан: “Аюуд” болон "Хуашин констракшн Монгол" компанийн маргаантай асуудлаар Сонсох ажиллагаа зохион байгуулна
2023.09.25
Эдийн засаг, Худалдаа

Д.Дэлгэрсайхан: “Аюуд” болон "Хуашин констракшн Монгол" компанийн маргаантай асуудлаар Сонсох ажиллагаа зохион байгуулна

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Бүртгэлийн мафи" хэмээх нэвтрүүлэг цацагдаж, "Аюуд" ХХК болон "Хуашин констракшн Монгол" ХХК-ийн өмч хөрөнгийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой асуудлын талаар олон нийтийн дунд тодорхойгүй мэдээлэл хөврөх болсон. 

Нэр дурдагдсан хоёр компанийн бүртгэлийн маргаантай асуудал 2009 оноос эхлэлтэй. 2018 оноос талуудын хооронд хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргаж, 2023 он хүртэл иргэний хэргийн шүүхээр явсан. Тухайн асуудлыг эрүүгийн хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, АТГ, цагдаагийн байгууллагаас шалгасан юм. Энэ хүрээнд харьяа дүүргийн прокурорын байгууллагууд хяналт тавьж дуусгасан байдаг.

Үүний дараа 2023 оны хоёрдугаар сараас улсын бүртгэлийн байгууллагад "Аюуд компанийн захирал А.Бат-Эрдэнэ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гарын үсэг дуурайлгаж зурсан, үүнийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бидний өмчлөлд халдсан" агуулгатай гомдол гаргаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар УБЕГ-т дээрх маргаантай холбоотой 2 компаниас тус бүр 2, нийт 4 гомдол ирээд байга бөгөөд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрийн биеэр дээрх маргаантай асуудлыг хянан, шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ. 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан

“Бидний зүгээс "Бүртгэлийн мафи" нэвтрүүлэгт яригдаж буй мэдээлэл үндэслэлгүй, худал гэдгийг нотлох баримттайгаар хэлье. Залруулга хийх байх гэж бодож байна. Дээрх хоёр компанийн асуудал одоогоор шалгагдаж байгаа. Манай байгууллага хоёр компанийн нууцыг хадгалах үүрэгтэй. Энэ хоёр компанийн бүртгэл манай байгууллагад 2012 оноос хойш хийгдсэн. 2013 онд өмчийн хувиар тохирсон байдаг. Тус хоёр компани 2015 оны өмчийнхөө хувийг шилжүүлсэн хэлцэл дээр зөвшилцөлд хүрч чадахгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас
  1. Хяналтын байцаагч,
  2. Хяналтын улсын ахлах байцаагч,
  3. Хяналтын газрын дарга,
  4. Хяналтын ерөнхий байцаагч /УБЕГ-ын дарга/ шалгаж хариу өгөх үүрэгтэй.
Одоогоор миний бие энэ асуудлыг удирдан шалгаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр бүх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа юм шиг ярьж, нийгмийг талцуулж байна. Энэ сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дэмжлэг хүссэн бичиг явуулсан. Үүний хариуд асуудлыг шалгаж сайдад танилцуулах үүрэг өгсөн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа бүртгэлтэй холбоотой асуудлыг хянан шалгах, хуульд нийцүүлэх, түдгэлзүүлэх, өөрчлөн зохион байгуулах эрхтэй. Ирэх 7 хоногт дээрх 2 компанийн асуудалтай холбоотойгоор талудын оролцоотой Сонсох ажиллагаа зохион байгуулах юм.
2015 оны наймдугаар сарын 21-нд хийгдсэн хоёр байгууллагын бүртгэл дэх хэлцлийг талууд зөвшөөрдөггүй. Тус хэлцэлд гарын үсэг зурсан "Хуашин" ХХК-ийн захирал Жандун, "Аюуд" ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнэ нар өөрийн биеэр ирж сонсох ажиллагаанд оролцохыг шаардлагатай юм.  Тус сонсголоор хоёр компанийн асуудалд холбогдох албаны хүмүүс, нотлох баримтыг бүгдийг нь дэлгэх болно. Мөн хоёр нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа нарыг сонсголд оролцуулна" хэмээн ярилаа. 

УБЕГ нь бүртгэлтэй холбоотой иргэн, хуулийн этгээдийн маргаантай асуудлыг талуудын оролцоотой Сонсох ажиллагаа зохион байгуулдаг юм.

ШИНЭ МЭДЭЭ