УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.04.26

Монгол улс бол Азийн Польш

Eagle телевизийн зочны ярилцлагын цагт Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож АОХН-ийн долдугаар бага хурлын зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Энэ яг ямар учиртай нийгэмлэг вэ?

-Нийгэмлэг 2000 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн онцлог гэвэл зөвхөн НҮБ-ын гишүүн орнуудаас бүрдэнэ. Монгол улс бол Азийн Польш. Азидаа ардчиллын анхдагч, ардчиллын үлгэр жишээ. НҮБ-ын гишүүн 193 орон байна. Эндээс 140 гаруй нь энэ байгууллагад нэгдэж байгаа.

-Сайд нарын долдугаар уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?

- Бэлтгэл ажил бол хоёр жилийн өмнө Монгол Улс энэ байгууллагыг даргалж эхэлсэнээс эхэлсэн.

Маш олон бүсийн уулзалтууд зохион байгуулах, НҮБ-ын тогтоол батлуулах, уулзалтад бэлдсэн баримт бичгийн төслүүдийг хэлэлцэх, олон талын айлчлалууд зохион байгуулах зэрэг маш их бэлтгэл орсон.

-Сайд нарын бага хурлыг зохион байгуулсанаар манай улсын ардчилал, нэр хүндэд ирэх үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ? Ялангуяа гадаад харилцааны хувьд?

-Ерөнхийлөгч олон улсын айлчлалууд дээр байнга мэдэгдэж байгаа. Өнөөдөр Монгол улс хэн нэгнээс сурах юм байхгүй. Харин харилцан туршлага солилцох, хуваалцах ийм асуудал байгаа. Энэ нь Монгол Улсад ч бусад улс оронд ч хэрэгтэй.

Бусад улсууд Монгол улсад ирээд Монгол улс ардчилсан, бие даасан, тусгаар тогтносон, агуу түүхтэй ирээдүйтэй улс байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нь энэ хурлын маш том ач холбогдол.

-Энэ байгууллагыг тэргүүлээд хоёр жил болоод асуудал дуусч байгаа юм уу? Анх ямар зорилготой байсан бэ? Цаашдаа бид гадаад бодлогын талаасаа яах ёстой вэ?

-Энэ удаа Монголд болж байгаа хурлын үеэр нэг онцлог байгаа.

Бид анх удаагаа Ази Номхон далайн бүсийн сайд нарын уулзалтыг хийнэ.

Цаашид Монгол Улс Ардчиллын боловсрол, авлигалтай тэмцэх гэсэн гол гол сэдвүүдээ цаашаа авч явна.

Ардчилалаа бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэх  тал дээр шинэ үйл ажиллагааны чиглэлүүдийг гаргаж ирнэ.