Ито тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.08.01

Ито тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сайд Л.Болд Японы Олон улсын найрамдал, солилцооны зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монголын Зүүн Хойд Нийгэмлэгийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Японы Олон улсын найрамдал, солилцооны зөвлөл /International Foreign Exchange Council/-ийн Н.Ито тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдаад гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар  улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс уул уурхай, дэд бүтэц зэрэг эдийн засаг, үйлдвэрлэлийн бүх салбарт японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд Япон Улстай харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтойг илэрхийллээ.

Сайд Л.Болд Японы Олон улсын найрамдал, солилцооны зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Цаашид харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд FEC нийгэмлэг хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэж буйгаа тэрээр онцолсон юм.

“Олон улсын найрамдал, солилцооны зөвлөл” /International Foreign Exchange Council/ нь Япон улс болон гадаадын бусад  улс орны  хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор 1983 онд байгуулагдсан ашгийн бус нийгэмлэг ажээ.

Уг зөвлөл нь төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, төр, засгийн газраас баримтлах гадаад бодлогыг гадаад улс оронд сурталчлах, гадаад бодлого боловсруулалтад иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн үзэл бодлыг тусгах, гадаад бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Мөн гишүүн байгууллага, компаниудын хүний нөөц, боловсон хүчний хөгжилд анхаарч, энэ чиглэлээр солилцоо, сургалт хэрэгжүүлдэг байна.

"Олон улсын найрамдал, солилцооны зөвлөл” нь 1988 оноос манай улстай харилцаатай ажиллаж, Нагоя хотноо Монголын тухай 500 хүнийг хамарсан семинар-яриа зохион байгуулж,тухайн үеийн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дашцэрэнг уг арга хэмжээнд хүндэт зочноор урьж оролцуулах зэргээр Монгол улс, Япон улсын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, соёл, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн байна.