Бямбацогт.С 2013.12.11 | Сайт: News.mn

С.Бямбацогтын төсөл дэмжигджээ

С.Бямбацогтын төсөл дэмжигджээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр УИХ-ын чуулганд оруулахаар болж шийдвэрлэжээ.

Хуулийн төсөлд улс орныг хөгжүүлэх, салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр батлагдсан хууль, тогтоомжуудын уялдаа холбоог хангах, бодлогын барим бичгийг тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн үр ашгийн нарийвчилсан тооцоо гаргах, хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилах зэрэг асуудлыг нэг цонхоор шийдвэрлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг тодорхой болгохтой холбоотой заалтууд туссан аж.

Учир нь сонгууль бүрийн дараа байгуулагдсан Засгийн газар өмнө нь батлагдсан бодлогын баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй байгаагаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, залгамж холбоо алдагдсан юм байна.

Тиймээс төсөл санаачлагчийн зүгээс 2007 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, гадаад дотоод орчны нөлөөллийг харгалзан, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо тодотгох, дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, улс орноо хөгжүүлэх нэгдмэл зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн баримт бичгийг улс төрийн нөлөөллөөс хамааралгүйгээр дагаж мөрдөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна гэж үзэн, дээрх төслийг боловсруулжээ.