Монгол, Швейцарын дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэв
Монгол, Швейцарын дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэв
2014.05.22

Монгол, Швейцарын дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Хоёр улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Мөн 2014 онд Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын 10 жилийн ой тохиож байна. Эдгээр ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жан-Жак Де Дардел нар хамтран 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар дахь дипломат корпус, Швейцарын Холбооны Улстай хамтран ажилладаг Монголын Их, дээд сургууль, урлаг, соёл, судалгаа шинжилгээний байгууллага, худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Мөн Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Швейцарын хөгжлийн агентлагийн Захирал М.Дахинден тус хүлээн авалтад оролцов.

Гадаад харилцааны сайд Л.Болд, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жан-Жак Де Дардел нар хамтран 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Ёслолын арга хэмжээний үеэр Монгол, Швейцарын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд тус үзэсгэлэн 5 дугаар 22-24-ний өдрүүдэд Чингисийн талбайд толилуулагдана.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Швейцарын Холбооны зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Холбооны Ассамблейн Үндэсний зөвлөлийн дарга нар харилцан айлчилж байв.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн шугамаар Монгол Улсад байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгэм-соёлын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлдэг. Тус улсаас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламж 2004 онд гурван сая швейцар франк байсан бол 2014 онд 17 сая швейцар франк болж өсчээ.