Б.Алтанхуяг: Төр төсөвт авах мөнгөө бодохоос биш компанийн ирээдүйг бодолцдоггүй
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг
2014.09.08

Б.Алтанхуяг: Төр төсөвт авах мөнгөө бодохоос биш компанийн ирээдүйг бодолцдоггүй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуягтай төрийн өмчит компанийн давуу болон сул талын талаар ярилцлаа.

-Танай үйлдвэрийн хувьд ашигтай ажилладаг ТӨК байгаа. Бусдад туршлага болгох үүднээс ямар менежментийн зарчим, бодлогыг хэрэгжүүлдэг талаар яриагаа эхэлье?

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд нийт 706,2 сая тонн хүдэр боловсруулж, 14,4 сая тн.зэсийн баяжмал, 111.6 мян. тн.молибденийн баяжмалыг тус тус үйлдвэрлэж, улсын болон орон нутгийн төсөвт 4.0 тэрбум ам.долларыг төвлөрүүлжээ.

Мөн энэ хугацаанд Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг 1.5 тэрбум ам.долларыг төлсөн байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн жигд, үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн зорилтуудаа бүхий л үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Энэ хугацаанд борлуулалтын орлогоо 31 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, таваарын бүтээгдэхүүний зардлыг 23 тэрбум төгрөгөөр бууруулж, 69 тэрбум төгрөгийн цэвэр ашиггай ажилласан балансын дүн гарсан.

Томилогдсон захирал менежментийн баг бүрдүүлэхдээ цех, хэлтсийн дарга нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, мэргэжлийн удирдлага шаарддаг ажилд мэргэжлийн хүнийг нь томилох ёстой. Мөн тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулж зах зээлийн зарчмаар ажилласан тохиолдолд компани үр ашигтай ажилладаг.

Шинэ залуу боловсон хүчнийг үйлдвэрлэл дээр тодорхой хугацаагаар дадлагажуулж байж удирдлагад ажиллуулдаг байсан зарчим байдаг. Энэ асуудлыг менежментийн түвшинд шийдэх зорилгоор дагалдуулан сургах зөвлөгч ажиллуулах журамтай болсон. Одоо бүх түвшинд гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг дүгнэх ажлыг эхлүүлэх бэлггэлийг хангаад байна.

-Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд компанийн засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ. ТУЗ болон гүйцэтгэх захиралтайгаа ямар гэрээ байгуулдаг вэ. Улс төрөөс хараат бус байж чаддаг уу?

Төрийн өмчит оролцоотой гэдэг утгаараа төрийн өмчийн хорооноос удирдлагууд нь (захирлууд нь) томилогддог, дунд шатны удирдлагууд бол олон жил ажилласан ажиллагсдаас сонгогддог, ажлын туршлага, мэдлэг, удирдах хүнтэй ажиллах ур чадварыг харж тавьдаг. Дэд захирлуудтай контракт байгуулдаг бөгөөд өөр өөр нөхцөлтэй байдаг. Дээд удирдлагууд бол улс төрөөс хамааралтай. Төр өөрчлөгдөхөөр шинэчлэгддэг.

Би энэ үйлдвэрт 33 жил ажиллах хугацаандаа улс төрийн бүхий л намуудын хүчнүүдтэй ажиллаж байна. Гэхдээ улайм цайм улс төрөөр ялгаварласан зүйл гарч байгаагүйг хэлмээр байна. Гэхдээ төрийн өмчийн аль ч байгууллагад улс төрийн томилгоо байдаг. Тэглээ гээд

үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох зүйл гардаггүй. Хамгийн гол нь бүх үйл ажиллагаа, үйлдвэрлэл нь тогтворжчихсон, баг хамт олон нь төлөвшчихсөн, чадварлаг мэргэжилтэнтэй учраас үйлдвэр сайн ажиллаж байна.

Түүнээс гадна бид залуучуудаа байнга сургадаг. Гадаад дотоод явахад нь үйлдвэрээс зардал мөнгийг нь гаргадаг. Ажиллагсдын нэг хүүхдийн төлбөрийг нь даадаг. Манайд боловсон хүчний дутагдал гэх асуудал гардаггүй.

-Төрийн компани байхын давуу тал нь юу вэ?

Анхны хөрөнгө оруулалтыг төр шийдсэнд байгаа байх. Хувийн компанитай харьцуулахад илүү давуу талтай, өөр зүйл байхгүй. Хувийн компани ийм том хэмжээний үйлдвэр байгуулна гэхэд хэцүү. Аж ахуй эрхлээд явахад яг л зах зээлийнхээ зарчмаар явж байгаа. Ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт төрөөс эдэлдэггүй.

Мөн монгол улсын хуулийг хэлбэрэлтгүй мөрддөг. Монгол улсын төрийн өмчит, зууны манлай бүтээн байгуулалт болсон “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладгаараа бид бахархдаг. Учир нь манай хамт олны хийж бүтээж буй баялаг нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд болон нийт монголчуудын нийгмийн асуудалд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.

Дээд мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, засварчид, цахилгаанчин гэх мэтчилэн энэ бүхнийг зах зээлийн зарчмаар тодорхой төлбөртэйгөөр боловсон хүчнүүдийг бусад үйлдвэрт бэлдэж өгдөг. Инженер техникийн ажилтнууд хичээл заадаг. Бүхий л байгаа бололцоогоо ард түмэндээ хүртээдэг.

-Төрийн дор ажиллахад хүндрэл бэрхшээл тохиолддог уу, тэдгээрийг шийдвэрлэх гэж оролдож байсан уу?

Төрөөс хэт хамааралтай байдаг. Биеэ даасан чөлөөт үйл ажиллагаа явуулах боломжгүй. Төрийн оролцоо бизнес эрхлэгчдэд хэт их байна. Жишээ нь төрийн өмчийн хөрөнгөөр худалдаа, үйлчилгээ худалдаа авах журам гэж бий. Энэ нь үндсэндээ төсвийн хөрөнгөнд хамааралтай, төрийн байгууллагад үйлчлэх боломжтой зохицуулалт. Гэтэл энэ нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд чөдөр тушаа болж, зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжийг хязгаарладаг.

Манайх 24 цагийн зогсолтгүй байнгын ажиллагаатай учраас ихээхэн хэмжээний түүхий эд материал шаардагддаг. Дизелийн түлш, ган бөмбөлөг гээд элдэв химийн урвалж технологид хэрэглэдэг. Тасралтгүй

ажиллагааг хангахын тулд тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. Гэтэл дээрх журмаас болж бүх зүйлээ тендерээр авч, цаг их алддаг.

Тендерт янз бүрийн компаниуд оролцож, биднээс хамаарахгүй шалтгаанаар хойшлогдох эрсдэл гардаг. Энэ журмыг өөрчлөх шаардлагатай.

-Та бүхэн энэ асуудлаа шийдүүлэхээр тавьж байсан уу?

Тавьж байсан. Шийдвэрлэх үүднээс Төрийн өмчийн хороогоор дамжуулаад асуудлаа тавьж, мөн улсын их хурлын гишүүдэд тавьж байна. Тодорхой хэмжээний ахиц өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. Зүгээр нэг их сургуулийн хангамжийн асууудал бус манай үйлдвэрийн хангамжийн асуудал гэдэг маш ялгаатай.

Төсвөөс бүрэн санхүүждэг тохиолдолд дээрх журам үйлчилж болох ч манайх шиг зуун хувь өөрсдийн орлогоор санхүүжигдэж байгаа үйлдвэрт тохирохгүй журам байгаа юм.

Үүнээс гадна төр төсөвт авах мөнгөө боддог, компанийн ирээдүй урт хугацааны тогтвортой хөгжлийг тэр бүр бодолцдоггүй, хөрөнгө оруулагчид шинэ техник, технологи нэвтрүүлэх зардлыг компанид даатгаж ирсэнээс компани мөнгө хөрөнгийн дутагдалд орох, мөн улс төрийн нөлөөлөл их, төрийн дэмжлэг бага, тогтвортой бодлого үгүйлэгддэг гээд яриад байж болно.

Барууны оронд хөрөнгийн зах зээл хөгжиж ирсэн тул засгийн газар компаниудыг санхүүгээр дэмжих шаардлагагүй шахам байдаг. Харин манай улсын хувьд хөрөнгийн зах зээл муу ажиллаж байгаа тул зах зээлийн энэ гажуудлыг засгийн газар нь засан залруулах үүрэгтэй байж зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэж байж зах зээлд дөхсөн бодлого явагдана.

-Уул уурхайн салбаруудад томоохон гадны хөрөнгө оруулагчид ажиллаж байна. Манай улс төрийн өмчит компаниар дамжуулан стратегийн чухал салбараа удирддаг. Гадны хөрөнгө оруулагчидтай хэрхэн тоглох ёстой вэ?

Дэлхийн зарим улс иь хэт либерал бодлого баримталсанаас уул уурхайн салбараа бусад улсын хөрөнгө оруулагчдад алдаж эргээд ихээхэн хэмжээний хохирол хүлээж байна. Байгалийн баялагаараа алдартай Индонези улсын томоохон компаниуд нь АНУ, Хятад улсын компаниудын мэдэлд очсон.

Баялаг нь түүхий эд хэлбэрээр экспортлогдож байсан бөгөөд тус улсын ЗГ зарим бүтээгдэхүүнийг хүдэр хэлбэрээр нь экспортлохыг бүрэн хориглож, баяжмалд ихээхэн хэмжээний татвар тогтоосон. Үүний улмаас тус улсын эдийн засаг маш их эрсдэлд орж, эргээд экспортлогч компаниудтай гэрээ хэлцэл хийж, тодорхой хувийг төрийн мэдэлд шилжүүлж худалдан авах тохиролцоо хийж байна.

Манай улсын хувьд ийм байдалд орох нөхцөл бүрдээд байх шиг байна Мөн аливаа улс орны тэргүүлэх уул уурхайн салбарт төрийн хяналт, бодлогын зохицуулалт зайлшгүй байх ёстой гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна.

Төрийн өмч эзэнгүйрэх үзэгдэл амь бөхтэй байж компанийн удирдлагын хяналт өмчийн эздээс холдож компанийн менежерүүд дур мэдэн хөрөнгийг үр ашиг багатай зүйлд зарцуулах асуудал байгаа тул төр хөрөнгө оруулагч, менежмент, ажилчдын ашиг сонирхол оролцоог хангаж чадвал хяналт тогтож, ил тод байж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Энэ утгаараа одоогийн төрийн өмчит компаниудад хяналт тавих эрх бүхий хувьцааг ажилчид, менежментийн багт хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж болох юм. Ер нь дэлхийн ихэнх оронд байгалийн баялаг

төрийн мэдэлд ямар нэг хэмжээгээр байдаг. Чилийн Коделко гэдэг дэлхийн зэсийн хамгийн том компаний ТУЗ-ийн бүрэлдэхүүнд гэхэд үйлдвэрийн удирдлага, ажилчдын төлөөлөл орсон байдаг.

-Танай үйлдвэр хэр ашигтай ажилладаг вэ, ашиггай ажиллахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ?

Алдагдалтай ажилласан байсан удаа нэг ч байхгүй. Бүх зүйл эхнээсээ төлөвлөгөөт, социализмын үед хэвшчихсэн, тогтворжсон байсан.

Олзворлолт, борлуулалт нэмэгдээд байдаг. Үндсэн үйлдвэрлэл дээр орчин үеийн тоног төхөөрөмж шинэчлэлт  идэвхитэй явагдаж, бүрэн шинэчлэл хийгдсэн. Төлөвшчихсөн сайхан, мэргэжлийн хамт олон байна. Эхлээд оросын мэргэжилтнүүд дийлэнх нь байсан бол одоо 95 хувь нь монгол ажилчид.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жил бүр ашиггай ажиллаж Улсын болон орон нутгийн төсөвт 2011 онд 555,4 тэрбум төгрөг, 2012 онд 523,3 тэрбум төгрөг, 2013 онд 519,9 тэрбум төгрөг төлж байсан. Зөвлөлийн хурлаар үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн асуудал, хэрэгжүүлж буй төслүүдэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг дутуу хуваарилж, санхүүжилт дутуу хийгдэж байснаас Компанийн санхүүгийн байдал жилээс жилд хүндэрч хөрөнгө оруулалтын ажлууд нь хойшилж он дамжсаар тэдгээрээс өгөх үр ашиг ч удааширч байна.

Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 376 сая ам.долларын буюу манай нийт борлуулалтын орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлагдсан өр зээл бэлэн мөнгөний хомсдолтой, гаднаас зээл авах замаар татвар болон өр зээлээ төлж ирсэн нь санхүүгийн нөхцөл байдал тааруу байгааг харуулж байгаа юм.

Хүндрэлээс гарч, асуудлыг шийдэхийн тулд Компанийн удирдлага дотоод нөөц бололцоогоо ашиглан орлогоо нэмэгдүүлэх, өртөг зардлаа бууруулах шат дараатай олон арга хэмжээнүүдийг авч байна. Мөн дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ тогтворгүй байгаа нь эрсдлийн болон хямралын эсрэг арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлд хүргэсэн ба энэ чиглэлээр бодит ажлуудыг эхлүүлээд байна. Зэсийн үнэ тодрохой хэмжээнд буувал алдагдалтай ажиллах магадлалтай.

-Үйл ажиллагааны зарчим юу вэ?

Ямар ч үйлдвэрийн гол зорилго бол ашиг олох явдал тул манай Компани тийм л бодлого явуулдаг. Тиймээс төлөвлөгөөт үзүүлэлтээ бүрэн биелүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг хэмнэж бууруулах, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх зорилтууд байнга тавигддаг. 2012 онд шинээр бий болсон менежментийн багийн хувьд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд боловсон хүчний бодлого, санхүү-эдийн засаг, худалдааны бодлогоо ил тод байлгах, авилга, улс тор, аваарь ослоос ангид байх, геологи, хэтийн хөгжил, нийгмийн бодлого тодорхой байх гэсэн 9 зарчим дэвшүүлэн эхний шатны ажлаа дүгнээд байна.

-Алдагдалтай гэж олон нийт шүүмжилдэг. Гэхдээ та гол шалтгааныг нь юу гэж боддог вэ.

Ашигтай ажиллаж байгаа талаар тодорхой тоо баримт хэлсэн. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа л улсын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж ирсэн 1990-ээд онд улсын төсвийн 40 хүртэлх хувийг бүрдүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар нийт орлогын 50 шахам хувь, ашгийн 75 хувийг улсын болон орон нутгийн төсөвт татвар болон ашгийн хэлбэрээр төвлөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд манай Компанийн хувьд хэрэггүй бараа өндөр үнээр шахдаг, агуулахад олон тэрбум төгрөгийн ашиглалтгүй хөрөнгө байдаг талаар их шүүмжилдэг байсан.

Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор үнийн комиссийг байгуулан жил гаруй хугацаанд ажиллалаа. Үүний үр дүнд өнгөрсөн 2013 онд гэхэд бараа материалын худалдан авалтын үнийг 30 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Энэ жилийн хувьд компаний санхүү-эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах байнгын ажиллагаатай комисс ажиллаж байна, ажил нь бас үр дүнтэй байгаа.

-Ашгаа улам нэмэгдүүлж, улсын өмнө хүлээж буй үүргээ биелүүлэхэд  цаашид ямар байдлаар ямар зохион байгуулалт, хууль журмын дагуу ажиллах хэрэгтэй гэж боддог бэ?

Төрийн өмчийн компани гэдгээрээ зах зээлд давуу байдалтайгаар үйл ажиллагааг эрхэлж байгаа мэт ойлгодог тал бий. Зах эээлийн нөхцөлд бусад оролцогчтой ижил тэгш бизнесийн эарчмаар ажиллах ёстой. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт нь тодорхой байх хэрэгтэй. Гэтэл манай үйлдвэрийн хувьд байдал эсрэгээрээ.

Бидний хувьд ирээдүйгээ их сайхнаар төсөөлж байгаа. Цаашаа дахиад 40-50 жил ажиллах нөөц судалгаа хийгдсэн байгаа.

Жишээ нь: Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтын дагуу ‘"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2011 онд 271,5 тэрбум төгрөг. 2012 онд 242,8 тэрбум төгрөг, 2013 онд 245,3 тэрбум төгрөгийг буюу борлуулалтынхаа орлогын 18-19 хувийг ашигт малтмалын нөөц ашигласан хэлбэрээр улсын төсөвт төлж байгаа нь алт олборлогчтой харьцуулахад тогтоосон хувь хэмжээний хувьд 8 дахин, “Оюутолгой" ХХК-тай харьцуулахад 3 дахин өндөр байна.

Энэ нь Үндсэн хуульд заасан өмчийн хэлбэрээс үл шалтгаалан тэгш байх зарчмыг алдагдуулж тус хуулийн заалт нь зөвхөн төрийн өмчийн оролцоогой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д үйлчилдэг болж хувирсан байна гээд олон жишээ дурьдаж болно. Цаашид уул уурхайн салбарт менежментийн орчин үеийн дэвшилтэт арга хэрэгслүүдийг эзэмшин ашиглах замаар хөгжих, өрсөлдөхүйц санхүү-эдийн засгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Цаашдын ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Бидний хувьд ирээдүйгээ их сайхнаар төсөөлж байгаа. Цаашаа дахиад 40-50 жил ажиллах нөөц судалгаа хийгдсэн байгаа.

Шинэ технологиудыг нэвтрүүлж байна. Дараагийн хөгжлийн нэг асуудал нь баяжмалаас цаашхи эцсийн бүтээгдэхүүн гаргах явдал. Баяжмалаа хайлуулж 99,9 хувийн агуулгатай зэс гаргах авах учиртай. Тиймээс ч олон жилийн өмнөөс боловсруулах үйлдвэрийн асуудлыг ярьж, одоо ойрын жилүүдэд шийдэгдэх байх гэж найдаж байгаа. Гэхдээ ганцхан Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн бус Цагаан суварга, Оюутолгойн зэсийн баяжмалыг хайлуулах нэгдсэн нэг том үйлдвэр байгуулах нь зүйтэй юм. Ингэвэл манай улсад их боломж нээгдэж, ард түмэн нь сайхан амьдрах болно. 

 Ярилцсанд баярлалаа.