Ж.Энхбаяр: Н.Алтанхуягаас болж төрийн бүх ажил гацаж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.30

Ж.Энхбаяр: Н.Алтанхуягаас болж төрийн бүх ажил гацаж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа

-Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны дараа Ерөнхий сайд мэдэгдэл хийж, намын даргын албаа өгнө гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ талаар тодорхой мэдээлэл ирэв үү. Та үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

 -Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорно гэсэн үг. Өнөөдөр улс төрийн намуудын тухай хуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэж заасан байгаа. Энэ заалт Ардчилсан нам, МАН, МАХН-ын дүрмэнд ч бий. Улс төрийн тогтсон жишиг.  Гэтэл АН-ын нөхөд ЭЗЭН-100 гэдэг шигээ арга залиа хэрэглэсээр байх бололтой. Өнөөдөр л тэсэж үлдэх нь чухал. Тэрний дараа намын хурал худалдаа ч уу, үгүй ч үү. ҮЗХ нь бүрэлдэх ч юм уу, үгүй ч юм уу. Ялангуяа Ардчилсан намын хувьд нам доторхи ардчилал нь үндсэндээ зогсчихсон шүү дээ.

ҮЗХ-гоо хуралдуулж чадахаа больсон. Дийлэнх нь төрийн албан хаагч болчихсон, эрх зүйн чадамжгүй. ҮЗХ-ны гишүүдээ чөлөөлөөд дахин хуралдуулна гэхээр тэнд нөхцөл байдал, улс төрийн өрөг нь өөрчлөгдөх гээд, нэг тийм ацан шалаанд орчихсон байгаа. Бидний хувьд Мятав  нь байна уу, Шадав нь байна уу хамаа алга. Бид бол Ерөнхий сайдын асуудлыг тавьсан. Намын даргаараа Арвин нь болно уу, Алтанхуяг нь болно уу хамаа байхгүй.

Ардчилсан намын хувьд нам доторхи ардчилал нь үндсэндээ зогсчихсон шүү дээ

Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, нуралт үүсч байна. Хямрал биш нуралт. Үндсэндээ валютынхаа нөөцийг шавхаад дуусаж байна. Төсвийн өнөөгийн нөхцөл байдал тун хангалтгүй байна. Ийм үед бид онцгой арга хэмжээ авах хэрэгтэй. Уналтаас урьдчилан сэргийлэх бус хохирол багатай гарах тийм бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой.

Дээд зэргийн үр ашигтай, нөөц бололцоогоо дайчилсан тийм төсөв, мөнгөний бодлогыг батлах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр эрх баригчид туйлын хариуцлагагүй байна. Зөвхөн эрх мэдэл, албан тушаалаа л хамгаалж байна. Үнэнийг хэлэхэд энэ албан тушаалаасаа мултрах л юм бол энэ хүмүүсийг өөр газар хүлээж байгаа. Идсэн, уусан, ашигласан, авлига авсан гээд олон асуудал гарч ирэх байх.

 -Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч хойшлогдлоо. Ямар шалтгаанаар хойшилсон юм бол?

 -Хар л даа. Ерөөсөө л Н.Алтанхуягтай холбоотойгоор Монгол төрийн бүх ажил хойшилж байна шүү дээ. Хангалттай л хойшиллоо. Одоо гадаа цас орж байна. Зүүн нутаг тэр чигээрээ түймэрт шатаж байна. Өвлийн бэлтгэл хэр байгаа юм.

\Бүх шатандаа удирдлагаа алдчихсан, орон нутаг засаг захиргаагүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, ажил нь үндсэндээ зогсчихсон. Фракц хоорондын тэмцэл нь туйлдаа хүрчихсэн. Ийм зохион байгуулалтгүй, дээрээс нь баяр ёслол, салют буудуулж яасан их мөнгө үрдэг юм. Гэтэл өнөөдөр эмнэлэг, сургууль ямар байна. Ямар хүнд нөхцөл байдалтай байгаа билээ.

 -Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан тохиолдолд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа нь хэд хоног вэ?

 -Хуулийн хугацаа нь өчигдөр дууссан. Өнөөдөр Н.Алтанхуягийн асуудал хурлаар ороод шийдэгдэх ёстой. АН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах боломжтой. Өөрөөр бол ямар ч гарц байхгүй. Бид Төрийн байгуулалтын байнгын хороогоо хуралдуулаад, асуудлыг хурдан шийдвэрлэхийг шаардаж байгаа. Н.Алтанхуягтаа хариуцлага тооцвол тооцоод, тооцохгүй бол болиод дараагийн чухал асуудлуудаа шийдэх хэрэгтэй байна.

 

-Ярилцсанд баярлалаа.