Батсуурь.Ж 2014.11.28 | Сонин: Зууны мэдээ

Ж.Батсуурь: Засгийн газар томилгоондоо яарчихлаа

Ж.Батсуурь: Засгийн газар томилгоондоо яарчихлаа
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ажил явагдаж байна. Үр дүнг нь та хэрхэн харж байна вэ? 

-2012 оны сонгуулиар аль ч улс төрийн нам олонхи болоогүй учраас сонгуулийн дараа болсон зөвшилцлийн үйл явц давтагдаж байгаа нь энэ. Зөвшилцлийн үр дүн 2-3 хувилбараар гарах боломжтой. Нэг нь парламентад суудалтай бүх намууд үндэснийхээ язгуур эрх ашиг, одоогийн шийдэх гол асуудал дээрээ нэгдээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах.

АН, шинэ Ерөнхий сайд маань энэ хувилбарыг сонгоод явж байна уу гэж харж байна. Асуудал эцсийн дүндээ манай намын Бага хурлын шийдвэрээс хамаарна. Ер нь сүүлийн жилүүдэд ардчилсан орнуудад ч, манайд ч аль нэг нам сонгуульд дангаараа ялалт байгуулах нь багасч, гол намууд ойролцоо санал аваад хоорондоо зөвшилцөж засаглах явдал түгээмэл болсон. Энэ нь намуудын шинэчлэлийг шаардаж эхэлсэн. Улс орнууд янз бүрээр л асуудалд хандаж байх шиг санагддаг. Ерөнхий хандлагыг нь харахад орчин үеийн том намууд картель хэв шинжтэй болж байна гэж судлаачид дүгнэдэг.

Ийм намууд улс төрийн тогтолцоон дахь байр сууриа бэхжүүлхэд төрийн нөөцийг ашиглах, намууд хоорондын харилцаанд зөвшилцөл, ил далд яриа хэлэлцээр, тохиролцооны зарчмыг их ашигладаг, сонгуулийн үед төрийн болон томоохон компанийн хөрөнгө санхүүд голлон түшиглэдэг шиг байгаа юм.

Манайд улс төрийн намын тогтолцоо маань энэ л дагуу яваад байна. Гэтэл манай хууль их хуучирсан, 1990 онд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоо руу шилжих үеийн харилцааг л зохицуулсан. Бодит байдлаа тооцож намын тухай хууль, сонгуулийн хуулиа сайн хийхгүй бол төвөгтэй байдал үргэлжлэх гээд байна.

-Ер нь хуулийн хугацаанд ямар нэг Засгийн газар байгуулагдах л байлгүй. Шинэ Засгийн газар тулгамдсан асуудлаа шийдэх чадвар, чадавхи нь хэр байх бол?

-Дүгнэлт хийхэд эрт байна. Засгийн газраа ч байгуулаагүй, бүтэц бүрэлдэхүүн ч ямар байх нь тодорхой биш л байгаа шүү дээ. Чуулган дээр Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад зарчим, хандлага нь боломжийн санагдсан. Зөвшилцөж шийднэ. Хурдан шуурхай ажиллана гэдэг зөв. Бий болсон байдалдаа өгч буй улс төрийн дүгнэлт, урт болон дунд хугацаанд хийх ажлуудаа ярьж байгаад нь бол баялгийн сан байгуулах гэх мэт дэмжмээр зүйл ч байсан, бас эргэлзмээр, хийх ажлыг орхигдуулсан юм байна уу гэж бодсон.

-Хийсэн томилгоонуудын тухайд?

-Жаахан яарсан байж болох юм. Бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож байж томилгоо, халаа сэлгээгээ хийвэл зохистой.

-Шинээр байгуулагдах Засгийн газар улс орноо хүндрэлээс гаргахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой гэж та үзэж байна вэ?

-Засгийн газар яаж байгуулагдахаас үл хамааран улс үндэснийхээ язгуур эрх ашиг, ард түмнийхээ тусын тулд цаг алдалгүй хийх шаардлагатай асуудлууд бий. Ер нь Ерөнхий сайд хүн ажлаа эхлэхийн өмнө би ер нь ямар эдийн засаг, бодлого, тогтолцоо, хүний нөөц, бүхэлдээ ямар болчихсон улс орныг хүлээж авч байна гэдгээ сайтар цэгцэлж харах ёстой.

Өмнөх Засгийн газрын кабинетийн гал тогоог нь толгойлж байсан хүнд энэ нэг бодоход их амархан. Нөгөө талаар зөв, бодитой үнэлж чадахгүй байх тал бий. Юуны өмнө өнгөрсөн хорь гаруй жилд улс төржилт, хоосон популизмаас болж гарсан бодлогын гол алдаа, түүний сөрөг үр дагаварыг бодитой сайн үнэлж тогтоохоос ажлаа эхлээсэй гэж хүсч байна.

-Согог, гажгийг засна гэвэл Үндсэн хуульд л гар хүрнэ гэсэн үг биз дээ. Энэ бүтэх болов уу. Үндсэн хуулиас өмнө тулчихсан, шийдэх асуудал гэж бас байгаа даа? 

-Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг чинь тулгамдсан асуудлаа орхи гэсэн үг биш. Юу ч хийх гэж оролдоод бүтэхгүй, хоосон яриа болгож гацаагаад байгаа тогтолцооныхоо гажиг, согогийг засахгүй бол хэн, хэзээ үүнийг засаад өгнө гэж хүлээхэв дээ. Энэ утгаар нь хэлж байна. Ер нь Үндсэн хуульд зохих өөрчлөлт хийх асуудал яригдаад, ажлын хэсэг байгуулагдаад нэлээд ажил явчихсан тоймтой хэдэн ажил үлдсэн. Энэ ажлаа шуурхайлаад шийдээд явж яагаад болохгүй гэж. Тулчихсан олон асуудал байгаа гэдэгтэй би санал нийлж байна.

-Тийм тулгамдсан асуудлын талаар л танаас тодруулах гээд байгаа хэрэг л дээ? 


-Ер нь нэг асуудлыг шийдэхэд дагуулаад шийдэх олон асуудал гардаг учраас шийдэх асуудлын жагсаалт дуусахгүй гэдгийг санаж байх нь чухал. Юуны өмнө, эдийн засгийн хүндрэл, хямралыг зогсоох, түүнээс гарахын тулд шийдэх асуудал бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг өргөтгөх явдал. Хууль эрх зүйн суурь орчин гайгүй болсон. Одоо юу дутаж байна вэ гэхлээр улс төрийн тогтвортой байдал, улс төрчид, улс төрийн намууд, төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэг зүгт харсан, гар нийлсэн хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.

Дээр нь хууль, бодлого хэрэгжүүлэгч төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргадаг дүрэм журам, хүнд суртал нь гадны хөрөнгө оруулагчдад ойлгомжгүй байдлыг бий болгочихоод авлига, наймаа яриад байхад гадаадынхан хөрөнгөө оруулахгүй. Энд бас олон нийтийн мэдээлийн хэрэгслүүд их чухал.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг хэт шүтвэл дотоодын эдийн засаг сэргэхгүй гэж зарим хүмүүс ярьдаг?


-Тэр үнэн. Зах зээлийн эдийн засгийн үед хөрөнгө оруулалтын бодлого бол дан ганц гадагшаа харсан горьдлого байж таарахгүй. Бид ийм сэтгэлгээнд дэндүү их дасчихсан, дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг голдог, үл тоомсорлодог, итгэдэггүй болчихоод удаж байна. Бас дотоодын хөрөнгө оруулалт гэхээр гол төлөв олигархи улс төрчидтэй нэр холбогддог цөөн хэдэн компани гэсэн ойлголтоосоо салах цаг болсон.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр маань иймэрхүү явцуу бодлого, сонирхлын хүрээнд явчихсан юм биш байгаа гэж боддог. Дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдээ голох, хардаж сэрдэхээ багасгаж, хөрөнгө оруулагчдыг алагчлахгүй, тэдэнд адил тэнцүү боломж олгох, бүр бодлогоор дэмжих арга хэмжээ авах шаардлагатай.

-Хувийн хэвшилд дэмжлэг дутаж, олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа гэдэг. Зарим нь үүнд бас тайлбар хийгээд байдаг. Таны бодлоор хувийн хэвшлийнхний дэмжлэг хэр байна? 


-Чөлөөт зах зээл хувийн хэвшил дээр л явна. Эдийн засагт хүндрэл үүсэхэд хувийн хэвшлийнхэнд хүндээр тусч байгаа нь бодитой зүйл. Дээр нь манай хувийн хэвшлийнхэн чинь хорь гаруйхан жил л хөгжиж байгаа, дөнгөн данган өндийх, зүгшрэх гэж ядаж яваа салбар. Тэгэхээр анхаарах асуудал бол яах аргагүй хувийн хэвшилээ дэмжих явдал.

Улс оронд мөнгөний эргэлт зогсч, хувийн хэвшлийнхэн үүд хаалгаа хаахад хүрээд байгаа нь нүдэн дээр харагдаж байгаа нь үнэн. Үйл ажиллагаа нь тогтчихсон, зах зээлээ ямар нэг хэмжээгээр олчихсон, ном, дүрмээрээ ажиллаж байсан хувийн хэвшлийнхний тухайд төрийн дэмжлэг одоо л хэрэг болно. Дэмжих гол арга нь зээлийг элдэв чирэгдэлгүй, эзнийг олж, итгэл олгох явдал. Зээл аваад түүнийгээ зөв зүйлд зарцуулаад баялаг бүтээж, ажлын байр бий болгож байж л хувийн хэвшил сэргэнэ. Эдийн засагт ч өгөөжөө өгнө.

-Манай зах зээл бага, эмзэг учраас хамгаалалт шаардлагатай гэж эдийн засагчид ярьдаг. Таны бодлоор хямралын үед дотоодын зах зээл хэр хамгаалагдаж байна вэ?


-Манай зах зээлийн багтаамж бага, эмзэг нь үнэн. Тийм учраас экспорт, импорт, гааль, татварын ухаалаг, уян хатан бодлогоор дотоодынхоо зах зээлийг хамгаалах шаардлагатай. Жишээ нь хямралын нөхцөлд аж ахуй нэгжүүдэд зээл олгоод орхивол бүрэн дэмжлэг болж чадахгүй.

Дотоод зах зээлээ хамгаалах төрийн ухаалаг бодлого нэн чухал. Жаахан зээл олоод бага сага зүйл хийгээд зах зээл дээр гаргах гэсэн чинь хятадын чанаргүй, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн зах зээлийг нь эзэлчихсэн байвал тэр аж ахуйн нэгж яах билээ. Алдагдалд орж зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрнэ шүү дээ.

Жишээ нь цементийн үйлдвэрийг зээл, хөрөнгө оруулалтаар босгоод иртэл урд хөршийнхөн маань манайд нийлүүлдэг цементийнхээ үнийг эрс буулгаад нийлүүлэх хэмжээгээ эрс нэмэгдүүлээд эхэллээ. Ийм нөхцөлд төр цементийнхээ дотоодын зах зээлийг хамгаалахын тулд экспортыг хязгаарлах, гаалийн татварыг нэмэх шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм маягийн дэмжлэг, газар тариалан, мал аж ахуй, эрдэс баялаг, жижиг дунд үйлдвэрлэл гээд манай бараг бүх салбарт дутаад байгаа. Үүнийг л манай шинэ Засгийн газар хийх ёстой байхгүй юу.

-Шинэ Ерөнхий сайд шуурхай, аль болох хурдан байх нь Засгийн газрын ажиллах зарчим байна гээд байгаа дотоод зах зээл хамгаалахад энэ их чухал юм байна. Тэгэхдээ “Төр бол хамгийн муу менежер” гэдэг нэг үг бий.

-Наад үг чинь төрийн шуурхай бодлогод холбогдохоосоо илүү хувийн хэвшлийн дотоод асуудалд төр хэт хутгалдан оролцох, бизнесийнхний хийдэг өдөр тутмын менежментэд битгий ор гэсэн санааг илэрхийлдэг гэж би ойлгодог. Төрийн бодлого, төрийн менежмент /удирдлага/ гэдэг бол өөр зүйл. Жишээ нь хямралын нөхцөл байдал, зах зээлийнхээ багтаамж, бодит эрэлт хэрэгцээ, дотоодынхоо бизнес эрхлэгчдийн чадварыг судалж тооцоод төр шуурхай бодлого, менежмент хийх шаардлага одоо бол бодитой бий болоод байна.

Үндэсний хэмжээний ийм шуурхай бодлого, менежментийг хувийн хэвшлийнхэн хийж дийлэхгүй. Манай өөрийн зах зээлд хичнээн хэмжээний, ямар бүтээгдэхүүн хэрэгтэй болох, бид өөрсдөө зах зээл дээрээ ямар хэмжээний, ямар бүтээгдэхүүн нийлүүлэх бодит боломжтойг үндэснийхээ гол нэр төрлийн бүтээгдэхүүн бүрээр маш нарийн судалж, түүндээ тулгуурласан бодлого явуулах ёстой.

Манайд лиценз, тусгай зөвшөөрөл бол зах зээлээ хамгаалах, дотоодынхоо бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, менежментийн гол хөшүүрэг. Гэтэл лиценз зөвшөөрөл гэдгийг зарж борлуулдаг, авлига авдаг, ашиг олдог хэрэгсэл болгочихоод байна. Ийм явуургүй, бэртэгчин сэтгэлгээнээс салж тусгай зөвшөөрөл, лицензийн менежментийг эх оронч сэтгэлгээгээр хийдэг болоход шинэ засаг гол анхаарлаа хандуулаасай.