Мөнхтуяа.Г 2016.08.30 | Сайт: Vip76.mn

Хүлээлт буюу төсөв түнтийх цаг хэзээ вэ?

Хүлээлт буюу төсөв түнтийх цаг хэзээ вэ?

Энэ долоо хоногийн улс төрийн ажил хэрэгч, халуун сэдэв бол төсвийн тодотгол. 9 дүгээр сарын 2 хүртэл хугацаанд төсвөө амжиж тодотгож чадах болов уу?

Төсвийн тодотголтой холбогдуулан, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах бусад 28 хууль, нэр бүхий гурван тогтоолд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг дагалдуулан УИХ-ын нэг тогтоолд өөрчлөлт оруулахаар тус тус өргөн барьсныг байнгын хороод, чуулганаар хэлэлцэж байна.         

Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, ДНБ-ийн өсөлтийн саарсан, экспортын бүтээгдэхүүний үнийн бууралт, нэгдсэн төсвийн алдагдал, төсвийн орлого дутмаг байдал, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллаагааны түвшин буурсан, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, ихээхэн хөрөнгө мөнгө шаардсан улс төрийн шийдвэрүүд… Энэхүү тасралтгүй гэмээр хөврөх асуудлуудыг өнөөгийн үүсэн бий болсон бодит байдлын шалтгаан гэж Засгийн газар тодорхойллоо. Төсвийн тодотголын гол агуулгыг товчлон хүргэе.

-Гадаад, дотоодын нөхцөл байдлыг бодитой үнэлэх
-Яам, агентлагийн өөрчлөлтийг төсөвт тусгах
-Хэмнэж болох зардлуудыг танах
-Бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжих
-Улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг түр хугацаанд бууруулах
-Төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг одоогийнхоор барих, цаашид үе шаттайгаар төсвийн боломжтой үед дунд, урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан нэмэгдүүлэх
-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчим баримтлах, зарим салбарт ялгавартай харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны зааг ялгааг багасгах
-Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээг төсвийн бодлоготой уялдуулах, төсвийн боломжтой үед хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд зогсоох, хойшлуулах зарчим баримтлах
-Тэтгэврийн сангийн байнгын, тогтвортой байдлыг зайлшгүй хийгдэх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх
-Төсвөөс хөрөнгө мөнгө шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг хэсэгчлэн болон түр хугацаагаар зогсоох, боломжтой үед үе шаттайгаар хэрэгжүүлэх
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр санхүүжих гэрээ хийгдээгүй, төсөл хөтөлбөр боловсруулагдаагүй, удаашралтай байгаа зарим барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах

Эдгээрээс харахад, эдийн засаг үнэхээр хүндэрч. Энэ байдал бидний нэг хэсэгт ихээхэн мэдрэгдэж байгаа бол нөгөө хэсэг нь тун бага савлаж байгаа нь мэдээж.

...Монгол Улс гэдэг том айл амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрх болж хувирчээ. Тийм дээ ч “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх” гэдэгчлэн дээр дурдсан зарчим баримтласнаар ойрын 12-18 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтворжих магадлалтай гэж Засгийн газар тооцолжээ...

Харин одоогийн нөхцөл байдалд бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх боломж алга байна. Одоогийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 4 их наяд 397,2 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 18,2-той тэнцэж байна. Тиймээс тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тодруулбал, 2016 онд нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ний 18,5 хувиас, 2017 онд 17 хувиас, 2018 онд 15 хувиас, 2019 онд 13 хувиас, 2020 онд 9 хувиас, 2021 онд 7 хувиас, 2022 онд 5 хувь, 2023 онд 3 хувиас, 2024 онд 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэсэн хуулийн төсөл боловсруулсанаа УИХ-д өргөн бариад байна.

Мөн Засгийн газрын өр 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ний 55 хувийг давахаар байгаа тул Засгийн газрын өрийн түвшинг дахин тодорхойлох буюу 60 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалт хийхээр болжээ.