Цогцэцэг.А 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Нялх, балчир хүүхдэд зориулсан бүх хоол, тэжээлийн бүтээгдэхүүний хэрэглэх заавар зэргийг заавал монголоор бичнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Тэрээр "Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай" хуулийг шинэчлэн найруулж ийм нэртэйгээр оруулж ирж байгаа бөгөөд хуулийн төсөл таван бүлэг, 56 заалт, 94 хэсэгтэй. Энэ удаад хуулийн төслийн хоёрдугаар бүлгийн зүйл заалтуудыг онцлон хүргэж байна. 

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт “Зориулалтын бүтээгдэхүүний найрлага, сав баглаа боодол, шошгонд тавих шаардлага, хориглох зүйл”-ийг зааж өгчээ. 

Нялх гэж нэг хүртэлх настай хүүхдийг хэлнэ.

Балчир гэж гурав хүртэлх настай хүүхдийг хэлнэ.

Орчин үед аливаа бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь сурталчилгааны үүргийг давхар гүйцэтгэх болсон. Үүнийгээ дагаад бүтээгдэхүүний хэрэглэх заавар, нас, хориглох зүйл зэргийг нарийн тусгах нь учир дутагдалтай байгаа бөгөөд тэр дундаа монгол хэлээр бичих нь тун ховор байна. Тиймээс хуулийн төслийн гуравдугаар зүйлд нялх, балчир хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд ямар ямар мэдээлэл агуулах болоод эс агуулахыг зааж өгчээ. Үүнд, 

Бүтэгдэхүүний сав, баглаа боодолд бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх, хэрэглэх заавар, ариутгал цэвэрлэгээ хийх арга, бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, утасны дугаар, хадгалах заавар зэрэг байна.

Сав, баглаа боодол, шошгонд байршуулсан мэдээлэл зөвхөн монгол хэлээр бичсэн байна.

Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгонд бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүтэй харьцуулаагүй байх, хүүхэд бүрт тохирно гэсэн агуулгатай биш байх, нялх балчир хүүхдийн дүрстэй чимэглэл, фото, зурмал зураг, хүүхэлдэй, хүн дүрст жимс, ногоо, амьтан, цэцэг зэрэг аливаа дүрс байхыг хориглоно.

Нялх, балчир хүүхдэд зориулсан бүх төрлийн сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой нас, эхийн сүү агуулаагүй, “Эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн” гэсэн санамжийг байршуулна.

Мөн зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн тохиолдолд энэ бүтээгдэхүүний хэрэглэнэ гэсэн анхааруулгатай байх ёстой. Түүнчлэн хэрэглэх заалт дээр ямар өвчин, эмгэг, эмнэлгийн нөхцөлд зориулан хэрэглэхийг дурдаж, эмчийн хяналтан дор хэрэглэ гэсэн анхааруулгыг тавьж өгсөн байна.

Нэмэгдэл хоол, шингэн сүү, хатаамал сүү, ундааны савны нүүрэн хэсэгт тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиромжтой нас, “ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ” гарчган дор дараах мэдээллийг багтаасан байна. Үүнд,

“Нялх хүүхэд эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ 6 сартайгаас эхлэн олон төрлийн хоол идэх ёстой”, “Эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнээс зөвлөгөө авна уу” гэсэн мэдээллийг заавал бичсэн байна.

Мөн давс эсвэл чихэр нэмж болохгүй гэдгийг давхар анхааруулж, түүнийгээ том үсгээр бичих ёстой.

- Нэмэгдэл хоол, шингэн сүү, хатаамал сүү, ундааны сав баглаа боодол, шошгонд зураг, дүрслэл, бичвэр байршуулахыг хориглоно. Тэр дундаа анхны, эхний хоол, амьдралын хамгийн зөв эхлэл гэх мэтчилэн агуулгатай мэдээллийг бичиж болохгүй.

Мөн чихэртэй өтгөрүүлсэн сүү, дууриамал сүүн бүтээгдэхүүний нүүрэн хэсэгт “Нялх хүүхдэд зориулагдаагүй” гэдгийг монгол хэлээр том, тод үсгээр, ил харагдахаар бичнэ.

- Зөвхөн нялх, балчир хүүхдэд зориулсан хоол, тэжээлийн бүтээгдэхүүнээс гадна тэдэнд зориулсан хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгонд тавих тусгай шаардлага, хориглох зүйлийг хуулийн төсөлд тусгажээ.

Угж ашиглан хооллох нь таны хүүхдийн хөхөө хөхөх төрөлхийн рефлекст нөлөөлнө гэсэн анхааруулгыг тавина.

Мөн хооллох хэрэгслийн сав баглаа боодол, шошгонд хэрхэн цэвэрлэх, ариутгахыг харуулсан зураг, дүрсээс өөр зүйл байршуулж болохгүй гэж заажээ.

Хэрэв хооллох хэрэгсэлд бисфенол А агуулсан бол уг бүтээгдэхүүнийг импортлох, худалдахыг хориглоно. Эдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа заавар, зөвлөмжийг ил харагдахаар, тод үсгээр, монгол хэлээр бичнэ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn