Н.Амарзаяа 2017.01.17 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг Хөгжлийн банктай адилтгахад хүрлээ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох журмыг боловсруулахдаа хэд хэдэн зүйлийг тусгах нь зүйтэй гэж өөрийн саналыг дэвшүүллээ. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох санг Хөгжлийн банкны үйл ажиллагаатай адилтгаж авч үзэж болох юм. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, орлого төвлөрүүлж буй байдал, төслөө онож санхүүжүүлж байгаа эсэх, улсын төсвийг үрэлгэн зарцуулсан зэрэг нь Хөгжлийн банктай адилтгахад хүргэлээ.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлсэнчлэн, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хуулиар зохицуулсан хэдий ч зээлийн сонгон шалгаруулатын журам, зээл хүсэгчийн бүрдүүлэх материал тодорхойгүй байна гэдэг нь тодорхой учир шалтгаантай болов уу.

Үүнийг мэдэрч, ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох журмыг батлах, батлах эзнийг тодорхой болгосон хуулийн төсөл оруулж ирсэнд хувьдаа талархаж байна. Харин өнөөдрийг хүртэл гаргаж ирсэн алдааг цаашид давтахгүй байхыг хүсье.

Тиймээс ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох журмыг боловсруулахдаа хэд хэдэн зүйлд анхаараасай гэдэг үүднээс өөрийн саналаа хэлж байна. Үүнд,

Нэгд, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын бичиг баримтад тулгуурлан ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг олгох шаардлагатай байна. Энэ ч утгаараа аймаг, сумын Засаг дарга нарын дэвшүүлж буй санал, санаачилгыг анхаарах нь зүйтэй.

Хоёрт, Нэг жилд олгож буй зээлийг төрөлжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, 10 зээл тутмын 5 нь талх, нарийн боов үйлдвэрлэдэг ЖДҮ байж болохгүй юм.

Гуравт, Жижиг, дунд үйлдвэр гэж хоёр ангилах нь зүйтэй. Энэ жил жижиг зээл олголоо гэхэд дараа жил нь тоног төхөөрөмжийг нь сайжруулах, гурав дахь жилд дунд үйлдвэр болгоход нь зориулсан буюу үйл ажиллагааг нь тэлэх, ажлын байр нэмэхэд чиглэсэн зээлийн бодлого баримтлах хэрэгтэй. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх нь зөв. ЖДҮ-д инновацийг нэвтрүүлэх зорилго тавин ажиллах цаг үеийн шаардлага тулгарч байна.  

Дөрөвт, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн удирдлагад ямар хүн байхаас хамаарч, тухайн даргын тойрон хүрээллийн хүмүүс тус сангаас зээл авдаг байх магадлалтай. Тиймээс цаашид энэ бүхнээс хараат бус байхыг хүсч байна.

Тавд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн талаар тайлан, мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлдэг байх зохицуулалтыг журамдаа тусгах нь зүйтэй болов уу. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа