Д.Оюунхорол: Бурхан Халдун уулын нэр Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүй байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2017.01.26

Д.Оюунхорол: Бурхан Халдун уулын нэр Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг болно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон билээ.

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, мөн зүйлийн 8.5-д тус тус заасны дагуу Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолынтөслийг боловрууллаа.

Энэхүү газар нутгийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай.

Тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн боловсруулсан.