Бат-Эрдэнэ.Б 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий Хан уулын нэрийг Бурхан халдун уул болгож өөрчлөхийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулла. 

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдан уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна. Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн соёлын өв бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий Хан уул болно.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилжээ.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.

Иймд энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын “Хэнтий Хан уул, Hentii Haan Uul, Хэнтий, Өмнөдэлгэр” гэснийг “Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр” гэж өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгасан болно. Хан Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул гэж болгон өөрчлөх нь зүйтэй гэж хууль санаачлагч энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тогтоолын төсөлд тусгагдсан томьёоллыг өөрчлөх, УИХ-ын гишүүн А.Сүхбат салбарын яам, ажлын хэсэг тогтоолын төслийг олон нийтэд зөв таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn