Оюун-Эрдэнэ.Л 2017.01.27 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: 2017 он бол шинэ 25 жилийн эхлэл болох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнтэй зэрэгцэн ижил төстэй утга агуулгатай хуулийн төсөл байгаад эгдүүцэлтэй хандаж байлаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

"Хуулийн төслийн үзэл баримтлалын тайлбар хэсэгт 25 жилд хэзээ ч байгаагүйгээр улстөрд итгэх иргэдийн итгэл буурсан, 26 жил болоход намуудын бүтэц, зохион байгуулалтаа нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байгаагаас уг хуулийн төслийг боловсруулсан мэтээр тайлбар хийжээ. Үүнтэй санал нийлэхгүй байна. Өнгөрсөн 25 жилд тогтолцооны хувьд иргэдийн төрд итгэх итгэл суларсан нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэнд байна гэж хардаг.

Өнөөдөр ч гэсэн тогтолцооны гажуудлын тодорхой жишээ гарч байна. УИХ-ын гишүүн Г.Занданшатар Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг хуулийн төсөлтэй ойролцоо утга агуулгатай мөртөө нэр нь өөр буюу Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.

Энэ хоёр хуулийн төслийг ижил, төстэй шинж чанараар нь нэгтгэнэ гэвэл “өөх ч биш, булчирхай ч биш” юу ч биш болж хувирна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хууль санаачлах эрхтэй байх ёсгүй. Өнгөрсөн 25 жилд төрийг самарсан гол шалтгаан бол энэ гэж боддог.

Манай шиг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглал хоорондоо холилдсон, гурван засаглал нэг байшин дотор “өдрийн хоол”-оо хамт иддэг улс орон гэж байхгүй. 2017 он бол шинэ 25 жилийн эхлэл болох ёстой.

Шууд ардчиллын хэлбэрүүдийг дэмжиж болно. Гэхдээ цаашид энэ байдлаар явж болохгүй. Тийм учраас хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжихгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бодох хэрэгтэй.

Шууд ба төлөөллийн ардчилал гэж бий. Шууд ардчилал хөгжиж буй Швейцарь зэрэг орнуудад эдийн засгийн эрх буюу төсөв батлах эрхээ хэрэгжүүлэхэд иргэд илүүтэй оролцдог.

Ямар зам барих, дэд бүтэц, инновацийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд иргэдээсээ тодорхой зүйлүүдийг хийхээсээ өмнө асуудаг. Гэтэл манай улс иргэний үндсэн дөрвөн эрхээс хууль тогтоох байгууллагад оролцох оролцоо, нийгмийн идэвх, улс төрийн эрхээс аваад улс төрийн эрх нь таны жинхэнэ эрх гэж ойлгуулдаг. "

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn