Бямбацогт.С Энхболд.М 2017.02.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.

Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын Ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа юм байна.

Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.

Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна