Л.Болд: Парламентын сөрөг хүчин нь сэтгүүлчид та нар
2017.05.03

Л.Болд: Парламентын сөрөг хүчин нь сэтгүүлчид та нар

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөрт зориулагдсан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнд боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд оролцож үг хэлсэн юм. Түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Өнөөдрийг бид баярын өдөр гэдэг. Хэвлэлийн эрх чөлөө төгс ялчихсан газарт бол баярын өдөр байх. Харин Монгол шиг хэвлэлийн эрх чөлөө нь урдаа тодорхой сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа оронд бол тэмцлийн өдөр л гэх байх.

Ардчилсан хувьсгал Монголын нийгмийн бүх салбарт ихээхэн өөрчлөлтүүд авчирч чадсан. Энэ бүх өөрчлөлтийн амин сүнсийг бид ямагт хэвлэлийн эрх чөлөө гэж үзэх хэрэгтэй.

Маш сайн санаж байна. Шинэ улс төрийн хүчнүүд 1996 онд сонгуульд ялж, Монголын парламентад олонхи болж шинэ Засгийн газар байгуулаад юун түрүүнд хийсэн ажил бол хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах ажил байсан юм. Гэвч 20-иод жилийн өндөрлөгөөс эргэж харахад энэ ажил дутуу байна.

Хэвлэлийн эрх чөлөөнд өнөөдөр тулгараад байгаа хамгийн эхний сорилт бол олон жилийн дараа аль нэг нам парламентад хэт давамгай байр суурь олж авсан явдал. Үр дүнд нь жил бололгүй хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс бараг 10-аад байраар хойшоо ухарлаа. Ардчилсан замаар төрийн эрх мэдлийг хэт давамгайлж авахад хэвлэлийн эрх чөлөө өөрөө хохирдог.  Дэлхийн түүхийг хар. Германы түүхээс л гэхэд тэнд дэлхийн хамгийн аймшигтай диктатур тогтож байсан. Тэр диктатур гэнэт төрийн эргэлтээр юмуу бослогоор хүч хэрэглэж гарч ирээгүй. Харин ардчиллын өөрийнх нь зарчмаар гарч ирсэн. Хамгийн аймшигтай дарангуйлал бол ардчиллын сул талыг маш сайн ашигладаг. Ардчиллыг өөрийг нь зэвсэг болгож өөрийг нь нухчин дардаг.  Яг энэ үйл явц та бидний нүдэн дээр харсаар байхад өрнөж байна.

Өнгөрсөн парламентад сайн муу олон зүйл байсан. Тэр парламентын хамгийн том ололт бол бидний санаа зовсоор ирсэн, өнгөрсөн 20 жилд бодитой ахиц өөрчлөлт гарч байгаагүй хууль сахиулах салбарыг өөрчлөх 5 хууль байсан. Бид баталж чадсан, хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хаалтын чуулган хийж, ард түмэндээ баярлалаа гэж хэлж, бие биетэйгээ гар барьж, гаргасан хуулиуддаа эцсийн найруулга хийх боломж олголгүйгээр төрийн ордноос хөөж гаргаад, шинэ парламентын хамгийн эхний алхам нөгөө хүний эрхийг баталгаажуулсан таван хуулийг буцаах явдал байсан. Өнөөдөр тэр 5 хуулийг буцааж оруулж ирэхдээ ямар аймшигтай болгосныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хуулиуд тэр чигээрээ гарах юм бол социализмын үе шиг, дарангуйллын үе шиг эрхзүйн тогтолцоот нийгэм рүү өөрийн эрхгүй гулсан орно.

Биднийг өнөөдөр намын шинэчлэл, улс төрийн шинэчлэл гээд хөлөө олохгүй, учраа олохгүй байх энэ цаг үе, сиймхийгээр шинэ парламент ямар хуулиудыг гаргасныг мэдэж байгаа. Одоо бид Веймарын бүгд найрамдах улс сүйрээд Гитлерийн  диктатур тогтдог шиг яг тэр улс төрийн үйл явцаар алхаж байна.

Гитлерийн Германы үед ямар цэрэг, улс төрийн тогтолцоо байсныг энэ Их хурал баталгаажуулж байна. Хуулийн байгууллага, цагдаагийн байгууллагыг цэрэгжүүлсэн, онцгой байдлын цэргийг бий болгосон, хилийн цэргийг дотоод функцтэй болгож цэрэгжүүлсэн, дотоодын цэргийг бий болгосон, тагнуулын байгууллагыг НАХЯам хэлбэрийн байгууллага болгосон.

Одоо батлах гэж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх хуулийн төслүүд хүний эрхийг уландаа гишгэсэн олон заалтуудыг агуулж байна.

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэвлэлийнхэнд баяр хүргэх хэрэгтэй. Та нар эрх баригчдад эхний сануулгыг өгч чадсан шүү. Та нарыг амыг чинь боож, өндөр торгуулиар айлгах гэсний эсрэг сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж тэмцэж чадсан нь эрх баригчдад том сануулга болсон.

Гэхдээ өнөөдөр бусад хуулиуд нь энэ чигээрээ батлагдах гэж байна. Парламент дахь сөрөг хүчин хүчрэхгүй, сайндаа тав хоногийн засварлага авах гэнэ, таван цагийн завсарлага л өгнө. Ингээд хуулиудаа батална. Тэгэхээр хэвлэлийнхэн та нар өөрсдийнхөө төлөө тэмцсэн шиг ард түмнийхээ төлөө тэмцэх цаг болсон. Энэ бол үнэхээр аюулын харанга дэлдэж байгаа шүү.

Зөрчлийн хуулийг л аваад үз. Энэ хуулийн төсөл дотор Эрүүгийн хуулиас маш олон заалтуудыг авчраад суулгачихаж байгаа юм. Ингээд үзэхээр энэ Зөрчлийн хуулийн 80 хувь нь Эрүүгийн хууль болж байгаа юм. Өөрөөр хэлбэл социализмын үед даргаа шүүмжлэх, төр засгийнхаа талаар эвгүй байр суурь илэрхийлэх нь эрүүгийн хэрэг болдог байсантай л яг адил болж байна.

Социализмын үед дуртай хүнээ дуртай үедээ ямар нэгэн зөрчил гаргаж, бүр гэртээ хашгирсны төлөө л ялладаг байсан. Яг энэ байдал давтагдах гэж байна. Сэтгэцийн гажигтай эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлвэл эрүүгийн хэрэг гэж үзээд ял авах нь. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн яагаад эсэргүүцлээ илэрхийлж болдоггүй юм. Тусгай сургуулийн хүүхдүүдийн эсэргүүцлийг яаж дээрээс нь дарамталж, доромжилж байна?

Парламент сөрөг хүчингүй, байсан ч хэт нөлөөгүй байвал сөрөг хүчин  гадна талдаа гардаг. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл сөрөг хүчний үүргийг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 20 жилд ч ийм байсан. Ингэхээс өөр арга байхгүй. Сэтгүүлчид та нар өнөөдөр ард түмнийгээ төлөөлсөн Их хурлын гишүүд гэж өөрсдийгөө бодох хэрэгтэй. Өнөөдөр эрх баригчид сонгогчдын 47 хувийг төлөөлж байгаа юм бол 53 хувийг төлөөлөх сөрөг хүчин нь бид юм гэж та бүхэн үзэх хэрэгтэй.