Лүндээжанцан.Д Нямбаатар.Х 2017.05.18 | Сайт: Vip76.mn

Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон бол баривчлах биш торгохоор хуульчиллаа

Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон бол баривчлах биш торгохоор хуульчиллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.18/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 66,7 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл 57,4 хувийн саналаар батлагдсан юм. 

Уг хуулийн төсөлд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлж, эрх хэмжээг зааглан зохицуулсан. 

Зөрчил шалгах ажиллагааны журмыг нарийвчилж, ажиллагааны явцад хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг байдлыг халсан гэж хууль санаачлагч хэллээ. 

Мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх бөгөөд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах процессыг тодорхой болгожээ. Иргэн, хуулийн этгээд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах, шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах эрхтэй юм байна. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан бөгөөд нийт 10 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. 

Зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дараах хоёр заалтыг яагаад төслөөс хасаж байгааг тодрууллаа. Үүнд, 

- Иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15,4 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдэгдсэн бол шүүгч зөрчил, илэрсэн нөхцөл байдлын талаар тэмдэглэлд тусган холбогдох материалын хамт Эрүүгийн хэргийн шүүхэд даруй хүргүүлнэ.

- Зөрчлийн тухай хуулийн 15,3, 15,4, 15,5, 15,7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч шийтгэл оногдуулахгүй.

Эдгээр заалтыг яагаад төсвөөс хасах болсныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлалаа. 

Түүний тайлбарлаж байгаагаар бол, Зөрчлийн тухай хуульд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох, шүүн таслах ажиллагааны журам зөрчих гэсэн тодорхой төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл ногдуулна гэсэн санал хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигджээ. Гэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад дээрх төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулахгүй зөвхөн торгох шийтгэл ногдуулахаар болсонтой холбоотойгоор уг өөрчлөлтийг оруулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэд хэдэн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж, төслөө батлуулж чадсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлээд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон дагалдах процессийн хуулиудыг хэрэгжүүлэх явцад нөхөөс гарч болохыг хурлын протоколд тэмдэглэхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухайд захиргааны зөрчилд торгох эсвэл баривчлах шийтгэл оногдуулна гэж хуулийн төсөлд зааснаа залруулсан эсэхийг асуусан. Тодруулбал, торгуулиа төлж чадаагүй бол баривчлах шийтгэл оногдуулж болохгүй гэлээ. Асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар баривчлах болон торгох шийтгэлийг давхар оногдуулаагүй гэж хариуллаа.