Анхмаа.Ш 2017.05.22 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад Ш.Анхмаа оролцлоо

Дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад Ш.Анхмаа оролцлоо

Сингапурын Үндэсний хөгжлийн яам, Сингапурын “Тав тухтай хот” төв, Сүжоу хотын Ардын Засгийн газар хамтран БНХАУ-ын Жяньсу мужийн Сүжоу хотод энэ сарын 18-21-ний өдрүүдэд дэлхийн хотуудын 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Дэлхийн хотын дарга нарын форум” болон “Дэлхийн залуу удирдагчдын симпозиум” болсон юм. Дэлхийн 60 гаруй хотын төлөөлөгч оролцсон энэхүү уулзалтаар хотуудын өмнө тулгарч буй асуудлууд болох дэд бүтцийн санхүүжилт, хотын засаглал, хотын өв соёлыг хадгалан хөгжүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг ханган тогтвортой хөгжүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдсан байна. Мөн оролцогчид харилцан санал солилцож, уулзалт илүү ажил хэрэгч хүрээнд өрнөж дууссан аж. Дээд хэмжээний энэхүү уулзалтад Улаанбаатар хотыг төлөөлж, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцлоо. Тэрбээр хэлэлцүүлэгт өөрийн санал бодлоо илэрхийлж, зарим хотын удирдлагатай уулзан туршлагаас хуваалцав.

Дашрамд дурьдахад Сүжоу нь уламжлалт өв соёлоо хадгалж үлдсэн түүхт хот бөгөөд Сингапурын удирдагч асан Ли Киан Ю-ын нэрэмжит дэлхийн шилдэг хотоор 2014 онд шалгарч байсан аж. Дэлхийн хотуудын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх оны долоодугаар сард Сингапурт зохион байгуулагдана.