Шийлэгдамба.Г 2017.06.13 | Өглөөний сонин

Г.Шийлэгдамба: Би гэм буруутай эсэхээ хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурьтай байсан

Г.Шийлэгдамба: Би гэм буруутай эсэхээ хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурьтай байсан
ЭМСЯ-ны сайд асан Г.Шийлэгдамба

ЭМСЯ-ны сайд асан Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Д.Энхтуяа ирээгүй тул хурлыг энэ сарын 22-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар хойшлууллаа. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж шүүх юм. Ингээд шүүх хурал эхлэхээс өмнө түүнтэй хэргийн үйл явдлын талаар товчхон ярилцсан юм.

-Тантай холбоотой хэрэг хоёр жил сунжирсны эцэст шүүх хурал болох гэж байна. Шүүх хуралтай холбогдуулан та өөрийн зүгээс нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ хэргийн талаар миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Би гэм буруутай эсхэээ шүүх, хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурьтай байсан. Энэ байр суурь өнөөдөр хэвээр байна. Тиймээс ч албан тушаалаа хүлээлгэн өгч, хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэх хүсэлт тавьж байсан юм. Хоёр жил хууль хяналтын байгууллага шалгаад шүүх хурал болох гэж байна.

Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч янз бүрийн зүйл ихээхэн гарсан. Эмзэглэмээр, асуудлыг гажуудуулсан, улстөржүүлсэн, хувь хүний эрх, эрх чөлөөнд хапдсан үйлдэл ч байсан. Иргэн хүнийхээ хувьд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр тогтоолгож, нэр төр, иргэнийхээ эрхийг сэргээх нь миний хуулиар олгогдсон эрх юм.

-Шүүх хурал хэр шударга болно гэж та бодож байна вэ. Учир нь удаан сунжирсан энэ хэргийн шүүх хурал яагаад заавал Ерөнхиййлөгчийн сонгуулийн өмнө болох гэж байгаа нь олон нийтийн сонирхолыг ихээхэн татаад байна.

-Шүүх хурал шударга болно гэдэгт итгэхгүй гээд яах билээ. Бид ардчилсан нийгэмд, иргэнийхээ эрхийг дээдэлсэн цаг үед амьдарч байна. Монгол улсынхаа шүүхэд итгэхгүйгээр эх орондоо амьдарч болно гэж үү. Тиймээс өнөөдрийг хүртэл би Монгол Улсын шүүхэд эргэлзээгүй. Харин улс төрийн шинж чанартай дурдсан зүйл дээр чинь хариулт өгөхийг хүсэхгүй байна. Учир нь нотлох боломжгүй үнэн гэж улстөрд байдаг юм.