Учрал.Н 2017.06.22 | Сайт: Vip76.mn

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт дэмжлэг үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэдийн жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих чиглэлээр “Шинэ санаа-Нар зөв хөгжил 2020” төслийн уралдааныг зарласан юм. Уг уралдааны зорилго нь импортын барааг орлож, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “Шилдэг төсөл”-үүдийг сонгон шалгаруулан, хөрөнгө оруулалтаар дэмжиж үндэсний үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Харин өнөөдөр тус уралдаанаас шалгарсан шилдэг дараах шилдэг 8 төслийг шалгаруулж, УИХ-ын гишүүн Н.Учрал өөрөө санхүүжүүлэхээр боллоо.

  • Монгол загварын дээл үйлдвэрлэлийн төсөл,
  • Үл халтирах гутлын цехийн төсөл,
  • Зөөлөн эдлэлийн оёдлын төсөл,
  • Хүлэмжид нарийн ногоо тариалах төсөл,
  • Гэрэлтдэг зам – Явган зам хамтран үйлдвэрлэх төсөл,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл,
  • Хоолны төсөл,
  • Төмөр-Шинэ санаа төсөл

Шилдгээр шалгарсан дээрх 8 төсөлд нэг сарын 1 хувийн хүүтэй итгэлийн зээл олгохоор болжээ. Уг төслүүдийг санхүүжүүлэхэд нийт 90 гаруй сая төгрөг шаардлагатай аж.

Санхүүжилт олгох арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: “УИХ-д Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж ажиллаж байна.

Одоогоор дүүргийнхээ хэмжээнд шинэ санаа гаргаж буй иргэдийг дэмжих, дүүрэг, орон нутагт ажлын байр бий болгох, ажил олгогчдын тоог нэмэгдүүлэх, микро эдийн засгийн бодлогыг дэмжих чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллаж байна.

Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн бүх жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх боломжгүй ч гэсэн эдгээр 8 төслийг санхүүжүүлснээр иргэдийн дунд итгэл бий болж, улс оронд ч жижиг, дунд үйлдвэрээ дэмжих сайн жишиг тогтох юм” гэжээ.

Уг уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатанд 200 орчим төсөл ирүүлжээ. Ингэхдээ СХД-ийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран СХД-ийн 3000 гаруй иргэдийг төсөл бичих сургалтад хамруулж, албан ёсны сертификатыг олгожээ. Үүний үр дүнд иргэд холбогдох яам, арилжааны банкнуудаас зарлаж буй төсөл хөтөлбөрүүдэд өөрсдийн бичсэн төслөөр оролцож, санхүүжилт хүлээн авах бололцоотой болж буй юм. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn