Энхболд.М 2017.06.28 | Сайт: Vip76.mn

Энэ долоо хоногт чуулган хуралдана

Энэ долоо хоногт чуулган хуралдана

14 хоног түр завсарлаад байсан УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хуралдахаар тов гарлаа.

Энэ долоо хоногт УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсөв, санхүүгийн тайлан хийгээд төрийн албаны шинэчлэл, багшийн хөгжил, нийгмийн халамж, биеийн тамир, спорт, нийслэлийн эрх зүйн байдал зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Пүрэв гарагийн үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдах бол үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болно.

Тэгвэл Баасан гарагийн өглөө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Хууль зүйн байнгын хороод хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлээ базаах юм.

Ингээд Пүрэв гарагийн 15 цагт болон Баасан гарагийн 10 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тодруулбал,

Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан бичигдэж байна. Уг гүйцэтгэл, тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1689 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5097 төсөвт байгууллагууд, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын төсөв багтаж байна гэж Сангийн яам танилцуулгадаа дурджээ.

Тус яамнаас мэдээлж байгаагаар бол 2016 оны нэгдсэн төсвийн орлого 5,8 их наяд, төсвийн зарлага 9,5 их наяд төгрөгт хүрч, улмаар төсвийн алдагдал 3,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 15,3 хувийг эзэлж байна.

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг дэмжсэн асуудал бол Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл юм. Тэгвэл уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр болжээ.

Гурав хүртэлх насны хүүхдээ гэртээ харж буй эх, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг/эхийн нийгмийн асуудлыг шийдэх зорилготой хуулийн төсөл батлагдвал 72,4 тэрбум төгрөг шаардагдах юм.

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг нэгтгэсний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр болсон байна.

Уг хуулийн төсөлд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байлгах зорилготой хэд хэдэн шинэлэг зохицуулалт багтсан гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн ч эцэслэн батлагдаагүй хуулийн төсөл бол Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ салбарын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа боловч хүний нөөц бэлтгэх, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, салбарын хөгжилд хувийн хэвшлийг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаас хуулийг шинэчлэх шаардлага тулгарчээ.

Багшийн хөгжлийг дэмжсэн бие даасан хууль байх ёстой гэж УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар үзээд хуулийн төсөл санаачилсан нь энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаад байна.

Энэ оны 6 дугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх цаашлаад боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулахад чиглэжээ.

Мөн өдөр өргөн мэдүүлсэн өөр нэг хуулийн төсөл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулга юм. Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчилж, хөгжлийн бодлого, төсөв, санхүү, эдийн засаг, өмчийн харилцааг шинэ шатанд гаргах зорилготой гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбарлаж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn