УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын “ Мини НҮБ “ үндэсний чуулган дээр хэлэх үг
2008.10.23

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын “ Мини НҮБ “ үндэсний чуулган дээр хэлэх үг

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга аа!
Эрхэм хүндэт Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч,
хатагтай Дебора Комини!
Хүндэт хатагтай, ноёд оо!
Хүүхэд, залуучууд аа! oyunhorol_d_02

Та бүхний өглөөний амгаланг айлтгаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь баг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын зөвлөх хороо хамтран санаачилж анх удаа “Мини НҮБ” Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар та бүхнийг урьсан билээ. Чуулга уулзалтын гол сэдэв нь

“ Мянганы хөгжлийн зорилтууд ба Залуучууд” юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад 15-24 насны залуучууд 568.2 мянга байгаа бөгөөд нийт хүн амын 21.9 хувийг эзэлж байна. Энэ насны хүмүүсийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд 3.3 хувь болсон байна. Бүс нутгаар авч үзвэл Хангай, Баруун, Зүүн бүсэд өндөр, Төвийн бүсэд харьцангуй бага байна. Хүйсээр авч үзвэл 15-24 насны эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин эмэгтэйчүүдийнхээс өндөр байна.
Даяаршиж буй дэлхий ертөнцөд улс түмний хөгжил дэвшил, аюулгүй байдлын асуудлууд улам бүр хамааралтай болохын хэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын гүйцэтгэх үүрэг ч өсөн нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн улс орны удирдагчид 2000 онд Мянганы дээд хэмжээний уулзалтад хуран цугларч, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг зарлан тунхагласан бөгөөд 2004 онд Нью-Йорк хотноо дахин цугларч Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явц байдлыг хэлэлцэн, 2015 он хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх үйл ажиллагааг тодорхойлон чиглүүлсэн Төгсгөлийн баримт бичиг гаргасан.
Мянганы Хөгжлийн Зорилтууд өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг илтгэх чухал асуудал болоод байна. Үүний төлөө дэлхийн хөгжилтэй, хөгжиж буй бүх улс орон хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Энэ утгаараа Дэлхийн улс түмний хөгжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил авчрах жил нь 2015 он юм.mini_nub
Манай улс ч өөрийн онцлог нөхцөлд тохируулан Мянганы Хөгжлийн Зорилтуудаа хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагаагаа батлан, Монгол Улсын Их Хурлын 2005 оны хорин тав дугаар тогтоолоор, 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулан батлан гаргасан.
Өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх талаар хэд хэдэн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг Монгол Улс батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
“Залуучуудын асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах ойлголцлын Санамж бичиг”, “Монгол Улсын хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Хүүхэд хөгжил хамгаалал” Үндэсний хөтөлбөр, “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр зэргийг дурьдаж болно.
Монгол Улсын Засгийн газраас 1998 оныг ” Залуучуудын хөгжлийг дэмжих жил”, 2002 оныг ” Оюутны жил” болгон зарлаж залуучуудын идэвхи санаачлагыг өрнүүлэх ач холбогдол бүхий олон үйл ажиллагааг хэрэгжүүлж багагүй амжилтанд хүрсэн билээ.
Цаашид залуучуудын өмнө тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүнд:
  • Залуучууд, оюутан, сурагчдын хөдөлмөрийн бирж ажиллуулах талаар төрийн бус байгууллагуудын үүсгэл санаачилгыг дэмжих
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн сүлжээ байгуулах
  • Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэр нийцтэй байгааг судалж, дүгнэлт гаргах, залуу ажиллагсдад тохирсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, сургалттай хослож хөдөлмөр эрхлэх бололцоо бүрдүүлэх
  • Таатай бус нөхцөлд байгаа залуучуудыг ажилд авч тогтвор суурьшилтай ажиллуулж байгаа ажил олгогчдод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
  • Сургуулиас ажил, хөдөлмөрт шилжих шилжилтийн судалгааг тогтмол хийх
  • Бизнес инкубатор, жижиг зээлийн механизмаар дамжуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Хөдөлмөр, цалин хөлсний асуудалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгож, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, хэрэгжилтийг зохицуулах
  • “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Хүний нөөцийн хөгжлийн агентлаг” байгуулан “Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний хөтөлбөр” боловсруулж гаргах, ажил олгогч эзэд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон асуудлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтаас XXI зуунд Дэлхийн улс орнууд хөгжлийн төлөө хамтран ажиллах Мянганы Хөгжлийн Зорилтууд нь нийгмийг хөдөлгөгч хүүхэд, залуучуудын амьдралтай шууд холбоотой бөгөөд тэдний манлайлал, санаачлага, үйл ажиллагаа, идэвх оролцоогүйгээр хэрэгжүүлж, үр дүнд хүрэх боломжгүй юм.
Бидний ярилцсан бүх асуудлууд НҮБ-ын талаарх ойлголтын хүрээг нэмэгдүүлэх, эх орны ирээдүйн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө, өв уламжлалаа хадгалах, өвөг дээдэс, ахмад үеийнхээ сургаалыг хүндэтгэх, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх нөөц боломжийнхоо гарцыг хайх, харилцан мэдээлэл солилцох, залуучуудын идэвх оролцоо, манлайллыг бий болгосон ажил хэрэгч, үр дүнтэй чуулган болно гэдэгт итгэлтэй байна.
Улсын Их Хурал, Засгийн газрын болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх хүүхэд, залуучуудын асуудлаар залуучууд, залуучуудын төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна
Монгол Улсын Их Хурлаас анхааран та бүхний чуулганаас гаргасан Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байна.
Чуулган зохион байгуулахад хамтран ажилласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь баг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын зөвлөх хороонд талархал илэрхийлье.

Чуулганы ажилд амжилт хүсье.
Та бүхэнд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.