Оюунхорол.Д 2017.11.10

Д.Оюунхорол: Хөдөлмөрөө шингээсэн нэг төгрөг бүрийнхээ үнэ цэнийг татвар төлөгчид хайрлаж гамнадаг

Өнөөдөр /2017.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуулаа.

Д.ОЮУНХОРОЛ: 36 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ОРЛОГО ОЛОХЫН ТУЛД АЖ АХУЙН НЭГЖҮҮДДЭЭ ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ НЬ БУРУУ

Төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн 9 үзүүлэлтийн 5-ыг хангахааргүйгээр төсвийн хүрээний мэдэгдэл орж ирж байна. Монгол Улсын төрийн ажил, Засгийн газрын ажил бол залгамж чанараа хадгалах ёстой.

МАН 2016 оны сонгуульд орохдоо аливаа нэг татварыг нэмэгдүүлэхгүй байх тухай ярьсан. Үүнийг өмнөх төсөв хэлэлцэж байх үед Засгийн газарт шаардлага тавьж байсан. Сая Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирэхдээ 1300 төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар авахаар заалттай байна. Төсвийн байнгын хороо энэ асуудал дээр нилээн хэлэлэцэж, ярилцсаны үр дүнд энэ алдааг зассан. Ингээд энэ төрлийн татвар авахаар бол зөвхөн газрын эзэмшигч буюу уул уурхайн тусгай лиценз эзэмшээд, түүнийгээ зарж борлуулсан тохиолдолд 10 хувийн татвар авдаг байхаар оруулсан.

Үндсэндээ энэ төрлийн татвар нэмж оруулж ирснээр 67 аж ахуйн нэгж биенес эрхлэгчдийн үйл ажиллагаа хөрвөх чадваргүй болгох, аж ахуйн нэгжүүдээ дампууруулах, нөгөө талаас баялаг бүтээгчдээ дарамталсан хүнд шийдвэрийг гаргасан.

Ямар ч аж ахуйн нэгж өнөөдөр эдийн засаг хүнд байгаа, зээлийн хүү өндөр байгаа, олдоц муутай байгаа үед татварын 5, 10 төгрөг ч үнэ цэнэтэй байдаг.

Хөдөлмөрөө шингээсэн нэг төгрөг бүрийнхээ үнэ цэнийг татвар төлөгчид хайрлаж гамнадаг.

Ч.Хүрэлбаатар сайд багахан хэмжээний мөнгө орж ирнэ гэж их хариуцлагагүй зүйл ярьлаа. 36 тэрбум төгрөгний татвар авахын тулд аж ахуйн нэгжүүддээ хүнд дарамт учруулах нь буруу.

Мөн Засгийн газар 2018 оны төсөв оруулж ирэхдээ нэг зүйлийг буруу оруулж ирсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог бие даалгах нь зөв гэдгийг өнгөрсөн 8 жил ярьж, энэ дагуу төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, судалгаа хийсэн. Харамсалтай нь үүнийгээ ЭМЯ-ны харъяанд өгөөд, төсвийн нөхөөс болгох мэтээр ашиглах шийдвэр гаргаж байгаа нь буруу. Ажил олгогч эздийн байгууллагууд энэ асуудал дээр нухацтай хандах байх гэж ойлгож байна. Магадгүй цаашдаа үндсэн хуулийн асуудал болж явахыг үгүйсгэхгүй. Үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн салбар нь өөрөө энэ санг захиран зарцуулах шийдвэрийг гаргах эрхийг эдлэх буруу. Тиймээс НХХЯ-нд байгаад, Үндэсний зөвлөлийг ЭМЯ толгойлоод явах бололцоог олгох нь зөв байсан. Үндэсний зөвлөлийг бодлогын хувьд толгойлж шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн сайдад нь хамааруулаад, Даатгалын санг бие даалгаад явуулах хэрэгтэй. Үнэхээр аль нэг яаманд байх нь буруу гэж үзсэн бол Ерөнхий сайд юм уу Шадар сайдын дэргэд ажлын алба байгуулж хариуцуулах гарц байсан.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: САНГИЙН САЙДЫН ТАЙЛБАР, ХУУЛИЙН ТОМЪЁОЛОЛ ХОЁР ЗӨРҮҮТЭЙ БАЙСАН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар буруу мэдээлэл өгөөд байна. Төсвийн номны 16-р хуудсан дээр байгаа. Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулах тухай гэж байна. 8.1.10 дуур бусдаас үнэ төлбөргүй авсан эрхийн орлогын доор 1600 төрлийн 100 орчим мянган тусгай зөвшөөрөл эзэмшигч болгон 30 хувийн татвар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр ярьж байгаад, зарчмын зөрүүтэй санал гараж газар эзэмших, ашиглах эрхтэй хүмүүсээс авъя гэсэн өөрийнх нь тайлбарын дагуу өөрчилсөн. Өөрийнх тайлбар, оруулж ирсэн хуулийн томъёолол хоёр зөрүүтэй байсан.

Ч.ХҮРЭЛБААТАР: ЭНЭ ТАТВАР БОЛ ГАЗРЫН НАЙМААГ ДАГАСАН ДАЛД БИЗНЕСИЙГ ИЛ БОЛГОХ ОРОЛДЛОГО

Монгол Улсын хуулиар тусгай зөвшөөрлийн ихэнхийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Газрын наймааг алга болгох зорилгоор л оруулж ирсэн. 8.1.10 гэсэн заалт нэмж оруулж ирсэн агуулга нь газрыг бэлэглэлийн журмаар татвар төлөхгүйгээр нэгэндээ зардаг үйл ажиллагааг зогсоох гэсэн. Нилээд хүмүүс эсэргүүцэж байгааг ойлгож байгаа. Газрын наймааг дагасан далд бизнесийг ил болгох гэж оролдож байна. Шилжих хооронд татвар авах бодлоготой. Тусгай зөвшөөрлүүдийг аж ахуйн нэгж эзэмшдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Би энэ зөв зүйтэй арга хэмжээ гэж үзэж байгаа.