М.Бизаагундаа: Зарим даатгалын компаниуд болон үнэлгээний компаниуд үгсэн хуйвалдаж байна

М.Бизаагундаа: Зарим даатгалын компаниуд болон үнэлгээний компаниуд үгсэн хуйвалдаж байна

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолооочын даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд бид Монголын хохирол үнэлгээчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бизаагундаагаас албан журмын даатгалын тохиолдолд хохирол үнэлгээг тооцдог системийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Монголын хохирол үнэлгээчдийн холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хөрөнгийн болон даатгалын хохирол үнэлгээний компаниудыг нэгтгэсэн мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн төрийн бус байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хохирол үнэлдэг тусгай зөвшөөрөлтэй 29 компани  үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрээс 28 компани нь Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд нэгдэн нэгдмэл үйл ажиллагаа явуулдаг. Энд нийт 80 гаруй мэргэшсэн үнэлгээчин, 300 гаруй мэргэжилтнүүд ажиллаж байна.

Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хөрөнгө болон хохиролын үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах, арга аргачилал боловсруулах, үнэлгээчдийн болон үнэлгээний байгууллагуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, боловсон хүчин бэлтгэх, үнэлгээтэй холбоотой магадлагааг шийдвэрлэх, өргөдөл гомдлыг авч хэлэлцэх гэх мэт үйл ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл даатгалын хохиролын үнэлгээтэй холбогдсон мэргэжлийн үйл ажиллагаа нь манай холбоо дээр төвлөрдөг гэсэн үг.

Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын хийж байгаа ажлын ихэнхи хэсэг нь албан журмын даатгалын нэг бүтээгдэхүүн болох жолоочийн даатгалын тохиолдол дээр ажиллах, түүнээс үүдсэн хүний амь нас, эд хөрөнгөд учирсан хохирол тооцох ажлыг хийж байгаа.

-Хохирол үнэлгээний компаниуд даатгагч болон даатгуулагчийн хооронд итгэлцлийн гүүр болж ажиллах ёстой. Гэтэл зөвхөн даатгалын компаний эрх ашигт нийцүүлж ажиллаж байна гэсэн гомдол даатгуулагч иргэдээс гардаг. Энэ талаар танай холбооноос ямар байр суурьтай байна вэ?

-Зарим даатгалын байгууллагууд хохирол үнэлгээний компаниудтай хаалттайгаар гэрээ хийж, тодорхой даатгалын байгууллагын тохиолдолд зөвхөн тухайлсан үнэлгээний байгууллагууд дээр очдог тохиолдол бий. Тухайн байгууллагуудын эрх ашиг нэгдэж байна гэсэн үг.

Жишээ нь даатгалын тохиолдол гарахад үнэлгээг даатгалын компанид ашигтай байдлаар үнэлж байх магадлал байна.

Үүнийг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаад явж байгаа. Энэ хэрэг нь цаанаа даатгуулагчийн итгэл үнэмшилийг бууруулах, бүр цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хор хохирол учруулах үйлдэл юм.

-Хууль зөрчиж байна гэж үзэж болох уу?

-Жолоочийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1-д байдаг “Жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтын цаана тодорхой компаниар хохирол үнэлгээг гаргуулж, зардлыг бага гаргах ашиг сонирхол явж байгаа.

Энэ заалтыг Монголын хохирол үнэлэгчдийн холбоо үгсэн хуйвалдаж, ашиг сонирхолыг зөрчилтэй байх магадлалтай байна, мөн энэ заалтаар хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байх магадлалтай гэдэг үндэслэлээр 2016 онд ШӨХТГ-т гомдол гаргасан. ШӨХТГ энэ өргөдлийн дагуу шалгалт хийгээд тухайн заалт нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан, шударга байдлыг алдагдуулсан заалт байна гэж үзээд энэ заалтыг нэн даруй өөрчлөн сайжруулах арга хэмжээг авна уу гэдэг албан шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэл хүргэсэн.

Гэтэл энэ хуулийн заалт одоог хүртэл өөрчлөгдөхгүй байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны урагшгүй нөхдүүдийн үйл ажиллагаа.

Одоог болтол энэ заалтын дагуу хүмүүс хохироод явж байна.

Төрийн байгууллагын дүгнэлт гарчихсан байхад ямар ашиг сонирхолын үүднээс Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхгүй байгаа вэ гэдгийг бид мэдэхгүй байна.

-Даатгалын хохиролын үнэлгээ, засварын үнэ хоёр хол зөрүүтэй гардаг талаар даатгуулагчдаас гомдол гардаг. Үүний учир юунд байна?

-Нэгдүгээрт, манайхаар үйлчлүүлж байгаа даатгуулагчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг барагдуулахдаа иргэд  цоо шинээр буюу сайжруулсан хувилбараар барагдуулахыг боддог. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн эд ангиуд тодорхой хугацаанд эзэндээ ашиг өгөөжөө өгсөн, элэгдсэн зүйл юм. Үүн дээр бид элэгдэл тооцож явах ёстой.

Хоёрдугаарт, мэдээллийн нэгдсэн сан ашиглах явдал. Зарим нэг байгууллага мэдээллийн нэгдсэн санд ороогүй. Тэр мэдээллийн санд тухайн тээврийн хэрэгслийн эд ангиудын он дараалал, сараар нь үнэ ханшийг гаргасан байдаг. Үнэ ханш нь байна гэдэг нь тухайн тохиолдол гарахад үндэслэлгүй үнэлгээ гарахгүй гэсэн үг. Энэ мэдээллийн санд нэгдэж чадвал үнэлгээний зөрүүтэй байдал багасна. Нэгдсэн програм гарснаас хойш үнэлгээний дүгнэлт хүрэхгүй байна гэдэг байдал харьцангүй багассан. Тухайн эд ангийг үнэлсэн үнэлгээ нь ямар нэгэн худалдаа, зах дээрээс ч юм уу дурын газраас хардаг үнэлгээ биш. Энэ бол хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний үнэлсэн үнэлгээгээр мэдээллийн сан баяжигдаж гарсан дүн. Энэ мэдээллийн санд зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий компаниуд нэвтэрдэг.

-Хохирол үнэлэгчдийн холбооноос даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?

-Даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн, үнэлгээний дүгнэлт бага гарсан, мөн үйлчлүүлэгч байгууллагын зан суртахуун, харилцааны соёлтой холбоотой, үйлчилгээний ажлын хөлстэй холбоотой гомдол бидэнд ирдэг.

Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд хуулиар заагдсан хоёр бүтэц байдаг.

Мэргэжлийн алдаа гаргасан эсэх тухай маргаан гарвал мэргэжлийн зөвлөл хэлэлцэнэ. Ёсзүйн буюу сахилга, хариуцлага алдсан, ашиг сонирхолд өртсөн зөрчил гаргавал ёсзүйн зөвлөл дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийн дагуу даатгалын хохиролын үнэлгээний компаниудад хариуцлага тооцож ажилладаг. Тиймээс ард иргэд Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоонд хөрөнгө болон даатгалын хохирол үнэлгээтэй холбоотой гомдол байвал хандаж болно.

Тухайлбал 2017 онд бид даатгалын хохиролын үнэлгээ хийх хоёр компаний тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Цуцлах саналыг Санхүүгийн зохицуулах хороонд өргөн мэдүүлсэн. Мөн нэг хөрөнгийн үнэлгээчний үнэлгээ хийх эрхийг Сангийн яаманд өргөн мэдүүлж цуцлуулсан. Өөрөөр хэлбэл Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хариуцлага тооцож ажилладаг гэсэн үг.

-Зөрчлийн тухай хуулиар осол гаргасан жолооч нарыг 100 мянгаар торгож, 5 оноо хасахаар болсон. Энэ хууль хэрэгжсэнээр Албан журмын даатгалийн үйл ажиллагааг сааруулж байна гэж харж болох уу?

-Даатгалын хохирол үнэлэгч нь байсаар байтал замын цагдаагийн тодорхойлолт авчир гээд, цагдаа нь ирээд 100 мянгаар торгоод, 5 оноо хасдаг. Тиймээс ард иргэд тохиролцоод өнгөрдөг. Тухайн даатгалын тохиолдол дээр төлөгдөх байсан мөнгө компанидаа л үлдэж байна гэсэн үг. Энэ өөрөө даатгалын эрх ашгийг зөрчсөн зүйл.

Жолоочийн даатгалын хуульд “Хуульд заасан эрх бүхий этгээд эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт тодорхойлолтыг үндэслэж хохиролын олгоно” гэж байгаа. Үүн дээр зайлшгүй замын цагдаа ирнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр замын цагдаагийн тодорхойлолт гэж өрөөсгөл хандаж, хууль ярих гээд байгаа хүмүүс жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг дээр үндэслээд байгаа юм.

Энэ заалт нь  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулиар байхгүй болсон.

Энэ заалтыг бариад, яриад явж байгаа хүмүүс бол хууль ёсоо мэдэхгүй, дүрэм журмаа уншдаггүй хүмүүс байна. Ийм тохиолдол гарвал Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалчдын холоонд гомдол гаргаж болно. Хамгийн гол нь тухайн даатгалын тохиолдлоо баримтжуулж авах ёстой.

-Яг энэ асуудал дээр Санхүүгийн зохицуулах хорооноос 200 мянгаас доош хохиролтой, хоёр тал тохиолцсон, амь нас, эрүүл мэнд хохироогүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй тохиолдолд замын цагдаа дуудахгүйгээр даатгалын компанидаа үйлчлүүлж болно гэсэн зохицуулалт хийсэн байсан?

-Замын цагдаагийн удирдлага, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо, Хохирол үнэлэгчдийн холбоо нар хэлэлцүүлэг хийгээд нэг зүйл дээр санал нэгдсэн. Үнэхээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдлуудад замын цагдаа заавал дуудна. Ингэж ярилцсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 200 мянгаас доош хохиролтой, хоёр тал тохирсон, амь нас эрүүл мэнд хохироогүй, согтууруулах ундаа хэрэглээгүй тохиолдолд замын цагдаа дуудах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргах нь асуудалтай.

200 мянгаас доош хохирол гарна гэдгийг нь яаж мэдээд байгаа юм бэ?

Хууль давсан мэдэгдэл хийдэг, хууль давсан журам гаргадаг албан тушаалтнууд хэнээрхлээ болих хэрэгтэй. Бид эрх зүйт төр засагтай Монгол Улс. Хуулинд заасан зүйлээ л мөрдөх ёстой.

Угаасаа хуульд “хуульд заасан эрх бүхий этгээд эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн тодорхойлолт” гэж заасан. Хамтдаа гэж хэлээгүй. Түүнээс биш хуулиндаа 200 мянгаас дээш бол цагдаа, доош бол цагдаагүй гэсэн зүйл байхгүй. Ингэж ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн зүйлээ орхих хэрэгтэй. Бидний гол тохирсон зүйл бол хүний амь нас, эрүүл мэнд, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай тохиолдлуудад зайлшгүй цагдаа дуудах асуудал.

Гэхдээ бусад тохиолдлууд дээр ч гэсэн цагдаагийн байгууллага ажиллах, ослыг бүртгэх, баталгаажуулах, дараа нь мөрдөн байцаалтандаа ашиглаад аваад явах боломж бололцоог хангасан баримтыг шуурхай алба хийж явах ёстой. Ер нь хохиролыг барагдуулах тал дээр олон зөрчлүүд байна.

-Жишээлбэл?

-Тухайлбал иргэн даатгалын тохиолдол гаргаад цагдаа биш даатгалын байгууллага очлоо гэж бодъё. Даатгалын байгууллага нь даатгалын тохиолдол мөн үү биш үү гэж харж, зураг авчихаад л явна. Үүний дараа даатгалын хохирол хэд вэ? гэдэг асуудал яригдана. Жолооч эвдэрсэн машинаа аваад хохирол үнэлэгч дээр очдог. Хохирол үнэлэгч нь дүгнэлтээ гаргаж өгсний дараа буцаад даатгалын компани дээрээ очдог. Дүгнэлтийг нь даатгалын компани хүлээж авах эсэхээ дахиад ярьдаг. Энэ асуудлуудыг нэг мөр шийдэх ёстой.

Тухайн даатгалын тохиолдол дээр ямар ямар асуудлууд байгааг шийдвэрлэх бүрэн чадамжтай баг очих ёстой. Энэ чадамж нь хуулийн дагуу даатгалын хохирол үнэлэгчид хадгалагддаг.

-Тэгэхээр осол дээр хохирол үнэлгээчид очих ёстой гэсэн үг үү?

-Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар хохирол үнэлэгч нь даатгагч, даатгуулагчийн хооронд гэрээ хийх, бодит хохиролыг тогтоох, гэрээтэй холбоотой хохиролыг хянан шалгах гэсэн гурван үүрэгтэй. Бусад бүх орнуудад даатгалын тохиолдол гарахад зөвхөн хохирол үнэлэгч очдог. Хохирол үнэлэгч нь очоод цагдаа эсвэл даатгал дуудах, дараагийн процессд шаардагдах баримтыг бүрдүүлж, бэхжүүлж авдаг. Тэр нь цахим хэлбэрт шилжих ёстой. Харин даатгалын байгууллага нь жолоочид эсвэл засварын газарт нь мөнгө өгч, тээврийн хэрэгслийг бүрэн болгох ёстой.

-Хохирол үнэлгээний аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Монголын хохирол үнэлгээний мэргэжлийн байгууллагын нэг чухал ажил бол сургалт, судалгаа. Манай холбоо хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон бусад зүйлс дээр нийтээр ашиглах арга аргачилгаа гаргадаг. Жишээлбэл, эд хөрөнгийг тооцоход орлогоор нь, зарлагаар нь, зах зээлийн жишиг үнийн судалгаагаар, элэгдэл тооцох, үлдэх өртөг тооцох зэрэг маш олон тооцоолол, мэргэжлийн ажиллагаанууд явагддаг. Үүн дээр үнэлгээний байгууллагууд өндөр туршлагатай болж байна.

Үнэлгээтэй холбоотой маргаан ирвэл Монголын хохирол үнэлэгчдийн холбоо бүрэлдэхүүнтэй шинжээчийг ажиллуулна.

А компаний хийсэн үнэлгээг буруу байна гэж даатгагч, даатгуулагчийн аль нэгнээс гомдол гарвал А компанийг оролцуулахгүйгээр гурван өөр мэргэшсэн үнэлгээчнийг нэр заан томилж, алдаатай эсэх дээр ярина. Үүнийг эцсийн шийдвэр болгож, дараа дараачийн арга хэмжээг авдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээч бүхий мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тухайн байгууллагын үнэлгээчний дүн хянагчдын түвшингээс давсан тохиолдолд мэргэжлийн болон ёсзүйн хариуцлага тооцож явдаг. Тиймээс ард иргэд гомдол саналаа хохирол үнэлэгчдийн холбоонд ирүүлэх боломжтой.

-БНСУ-д авто тээврийн хохиролыг үнэлэхдээ зөвхөн ил харагдах хэсгийг үнэлхгүйгээр цаад эд ангийг хохиролын тооцоог ч гэсэн гаргадаг. Монгол Улсад үүнийг хэрэгжүүлдэг үү?

-БНСУ бол үйлдвэрлэгч орон. Үйлдвэрлэгч орны хувьд эд анги засварлана гэхээсээ илүү солино гэсэн ойлголт давамгай байдаг. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон.

Хэрэглэгч орны хувьд гэмтсэн тээврийн хэрэгслийг засварлах тал дээр илүү ажилладаг.

Харин он шинэ тээврийн хэрэгсэл дээр эд ангийг нь солихоор тооцдог. Машины дотоод эд ангиудын хувьд, тухайлбал мотор, кроп, эд ангиудыг хараад мэдэхгүй. Тийм учраас хөрөнгийн үнэлгээчин нь тухайн салбарын экспертийн дүгнэлтийг авч ашиглана. Жишээлбэл хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагын дүгнэлт гардаг. Тээврийн хэрэгслийн хувьд мэргэшсэн зөвлөх, авто инженерүүдийн оролцоотой дүгнэлтийг үндэслэл болгоно. 

-Цаашид танай холбооны үйл ажиллагаанд шинэчлэлт хийгдэх үү?

-Монголын хохирол үнэлэгчдийн холбоо даатгалын үйл ажиллагааг төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийн хангах гээд олон үйл ажиллагаа явуулж байна. Мөн даатгал хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг олон улсын туршлагыг судалдаг. 2014 оноос БНСУ-ын хохирол үнэлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.  2015, 2016 онуудад ослын улмаас учирсан хохиролын хэрхэн тооцох, нөхөн төлбөр даатгалыг хэрхэн олгох нь зүйтэй вэ гэдэг чиглэлээр арга аргачлалыг боловсруулж, мэргэжилтнүүдэд мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр жил болгон салбарын сургалт явуулсан.

Ер нь даатгал гэдэг нь ард иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх ёстой гол хүчин зүйл. Гэтэл зарим мөнгө төгрөг тооцсон, ашиг сонирхол хөөсөн хүмүүсийн уршигаар манай улсад даатгал сайн хөгжихгүй байгаа. Даатгал гэдэг бол өөрөө итгэл. Тиймээс итгэлийг хөгжүүлэх чиглэлээр даатгалын байгууллагууд маш идэвхитэй сайн ажиллах хэрэгтэй. Хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай.

-Хохирол тооцох системд шинэлэг өөрчлөлтүүд орох уу?

-Бид цаашдаа хүний эрүүл мэндийн хохирол үнэлгээг тооцох асуудлыг судалж байна. 2015 онд ЭМЯ-нд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт явуулсан. Энэ сургалтаар даатгалын эсвэл даатгалын бус тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнийг мөнгөн хэлбэрээр үнэлгээ тавьж үнэ тогтоолгож болно гэж үзсэн. Мөн бид Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөхтэй хамтын ажиллагаа ярилцаад явж байна.

Өөрөөр хэлбэл 2018 онд хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохиролыг тооцох ажлыг хийх ёстой.

Тухайлбал, жолоочийн даатгалын хууль тогтоомжид хүний эрүүл мэндийн тооцоогүй. В ангиллын тээврийн хэрэгсэл буюу суудлын автомашин жолоодож яваад бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол 5 сая хүртэлх төгрөгний хохирол барагдуулна. С ангилал буюу том оврын тээврийн хэрэгсэл барьж байгаа бол 10 сая төгрөгний хохирол учруулж болно. Үүний 80 хүртэлх хувийг нь хүний эрүүл мэндэд зарцуулж болно гэж заасан. Энэ бол хуулийн хамгийн харгис заалт. Машинаасаа доор үнэтэй хүний амь гэж юу байх вэ? Гэтэл тээврийн хэрэгслийн даатгал дээр 100-200 сая төгрөг авч байгаа тээврийн хэрэгсэл байгаа. Энэ заалт бол Монгол хүний амь насыг үнэгүйдүүлсэн хамгийн том илрэл.

Амь нас, эрүүл мэндтэй холбоотой үнэлгээг өндөр гаргадаг. Харин тэр үнэлгээг барагдуулахтай холбоотой асуудал гарч ирдэг. Үүн дээр даатгал хөгжүүлж, хууль эрхзүйн орчин сайжруулах хэрэгтэй.

Барилга барьж байгаа тохиолдолд хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах магадлалтай. Тэр барилга барьж байгаа компани хариуцлагын даатгал хийлгэж байгаа. Жолооч мөн хариуцлагын даатгал хийлгэж байгаа. Энэ хүмүүс тухайн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх бүх арга хэмжээг авна.

3 хоногт 2 хүн газар дээрээ амь насаа алдаж байна гэсэн тоо бий. Энэ бол өндөр тоо. Цаашдаа тахир дутуу болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан гээд тооцвол гамшигийн хэмжээнд очсон асуудал. Зам тээврийн осол бол санамсаргүй, болгоомжгүй үйлдэл гэсэн ойлголт байхгүй. Энэ бол хариуцлагагүйн асуудал. Хариуцлагагүй жолоочийн, хариуцлагагүй зам тавьсан, дүрэм журмаа харуицлагагүй биелүүлсэн хүмүүсийн хариуцлагагүй асуудал. Тиймээс бид бүхэн осол гаргаж байгаа, хариуцлагагүй байгаа нөхдүүдэд хуулийн дагуу зөрчлийн оноо хасах, торгууль шийтгэл байх ёстой.

-Танд баярлалаа

Ярилцсан

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn

Зочин

Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч М.Бизаагундаа