У.Хүрэлсүх 2017.12.27 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно

Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсооно.  

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжлээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.