2018.01.11

Н.Амарзаяа: Сангийн яам төсөв хуваарилахдаа алдаа гаргаад байна

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Зарчмын зөрөөтэй санал гаргаад төсвийн болон байгаль орчны байнгын хороо дэмжсэн. Энэ бол зайлшгүй засгийн газрын тусгай сангийн тухай хуульд орох ёстой асуудал гэж би үзэж байна. Агаарын бохирдлын эсрэг сангийн төлбөрийн хэмжээ тодорхой бөгөөд үүнийг юунд зарцуулах нь ч тодорхой. Одоогийн бидний батлах гэж байгаа хуулийн заалтууд нь ч тодорхой байгаа.  Нийтдээ найман зүйл заалтын арга хэмжээнд агаарын бохирдлын төлбөрт зарцуулахаар орж ирсэн байгаа юм.

Яагаад ес дэхь асуудлыг нэмээд байгаа вэ гэхээр  агаарын бохирдлын төлбөрийг бүрдүүлж байгаа орлого нь нүүрсний орлого юм. Тэгэхээр нүүрсний экспортод гарч байгаа 28 сая тонн нүүрсний 1тонн тутмаас 1 төгрөг аваад агаарын бохирдлын нийт орлогийг бүрдүүлнэ гэсэн үг.  Би Д.Оюунхорол сайдтай санал нэг байна. Манай Сангийн яам хаанаас орж ирсэн орлогыг юунд зарцуулах вэ гэдгээ бодлогын түвшинд анхаарахгүй байна. Үүнээс болоод асуудал үүсээд байна.

Олон зүйл заалтуудыг Төсвийн байнгын хороо дээр ярьсан. Тэгэхээр 2019 оны төсөв дээр тодотгол хийх тохиолдолд агаарын бохирдолд төсөвлөсөн төсвөө зуун хувь агаарын бохирдолдоо л зарцуулах тал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна.

Ер нь энэ төсвийн асуудал төсөв баталснаас хойш эргэж төсөвлөгдөхөөр орж ирээд байгаа асуудал нь Сангийн яамны алдаатай бодлого, үйл ажиллагаатай холбоотой гэдгийг бас хэлмээр байна.

Мөн нүүрсний төлбөрөөс орж ирж байгаа учир зуун хувь бүгдийг нь авна гэхгүй. Уул уурхайн орчмын агаарын бохирдлын асуудал болоод тухайн орчиндоо ажиллаж, амьдарч байгаа хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төсөвлөх заалт тусгагдах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Мөн бусад гишүүдийг энэ саналыг дэмжээрэй гэж уриалж байна.