Нямбаатар.Х 2018.01.26

Х.Нямбаатар: Г.Занданшатар дарга төрийн албан хаагчдад ЁС ЗҮЙН дүрмийг нь сахиулж ажиллана уу

УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар" УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Төрийн албан хаагчид тэр дундаа Уул уурхайн яамны албан хаагчдын ёс зүйгээ барьж ажиллахыг сануулсан юм. 

Тэрээр "Чулуунбат /УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат/ та хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй шүү. Зөрчлийн тухай хууль гарснаар шатахууны хомсдол үүссэн гэж ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй шүү. Төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа үйлдэл, үг бүр хариуцлагатай байх ёстой" гээд Цаашид ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нийт төрийн албан хаагчдад ёс зүйн дүрмийг сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Ингэхгүй бол  зарим төрийн албан хаагчид өөр өөрийнхөө өнцгөөс улс төрч  байр суурь илэрхийлдэг болж хэмээн нэмж хэлсэн юм. 

Мөн тэрээр Уул уурхайн дэд сайдаас "Д.Загджав дэд сайд та бүхэн Роснефтьтэй хэдэн удаа уулзалт хийсэн вэ? Өнөөдрийн энэ асуудал үүснэ гэдгийг та нар эртнээс мэдсэн. Та бүхэн ямар арга хэмжээ авч ажилласан юм? Уулзаагүй бол яагаад уулзаагүй юм?" хэмээн асуулт асуулаа. 

Түүний асуултанд Уул уурхайн дэд сайд Д.Загджав 

"Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл байдаг. Энэ зөвлөлийн хурлыг удаа дараа хийж, зөвлөмж гаргаж ажилласан. Өнөөдрийн хүртэл АИ80, АИ92 шатахууны үнийг нэмэлгүй барьж ирсэн. Нийлүүлэгч компаниудтай Засгийн газар шат шатандаа 8 удаагийн уулзалт хийсэн. ЗГХГДарга, Сангийн яам, Уул уурхайн яамны сайдууд, газрууд гээд уулзсан. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөж байна. Одоо 70 доллар байгаа. Зун 44 доллар байсан" хэмээн хариулт өглөө.