Д.Сумъяабазар 2018.01.30 | Сонин: Засгийн газрын мэдээ

Д.Сумъяабазар: Урт хугацаанд шатахууны үнийг ТОГТВОРТОЙ байлгахаар ярилцсан

Д.Сумъяабазар: Урт хугацаанд шатахууны үнийг ТОГТВОРТОЙ байлгахаар ярилцсан

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн зарим асуудлыг тодруулсан юм.

-Давос-2018 чуулга уулзалтад Засгийн газрыг төлөөлж та оролцсон. Эндээс ямар үр дүн гарсан бол?

-Давосын эдийн засгийн чуулга уулзалт бол 2018 оны дэлхийн чиг хандлага, ялангуяа уул уурхайн салбарт ямар бодлогоор цааш явах зэрэг дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох уулзалт болсон. Тэндээс шийдвэр гарахгүй, ерөнхийдөө зөвлөлдөж, чиглэл өгнө.

УУХҮЯ-ны зүгээс дэлхийн аж үйлдвэрийн хувьсгалын IV үе эхэлж байгаа энэ үед хөгжлийг угтах боломж бидэнд байна гэж харж байгаа. Томоохон үйлдвэрлэгч 40-өөд орны төлөөлөгчтэй уулзсан.

Монголд байдаг газрын ховор элемент буюу лити, кобальт гээд шинэ элементүүдийг байгальд ээлтэй үйлдвэрлэлдээ “Волксваген” зэрэг томоохон үйлдвэрүүд ашиглахаар төлөвлөсөн гэсэн.

Хүмүүсийн ярьж буйг харахад түүхий эдээ нэмэгдүүлэх асуудлыг сөхөж байна. Жишээ нь, 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто-машин үйлдвэрлэх шаардлага гарч байна.

Үүнтэй уялдаад түүхий эдийн нөөц сая хүртэл тонноор нэмэгдэх юм байна. Үүний 40 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. Тэгвэл цаашид түүхий эдээ Хятад улсаас хараат бус байдлаар хэрхэн шийдэхээ гэдгээ ярьсан.

Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс “Манайд хөрөнгө оруулж, хайгуулын ажлыг үргэлжлүүлээд, газрын ховор элементийн нөөцийг тогтооход ач холбогдол өгөх ёстой. Урт хугацаанд Монголын уул уурхайн салбарт тогтвортой стратегийн хамтрагч хэрэгтэй” гэдэг саналаа хэлсэн.

-Шатахууны жижиглэнгийн үнийг цаашид бариад байж чадах уу, эсвэл чөлөөтэй орхих уу?

Жижиглэнгийн үнийг иргэдэд дарамт учруулахгүй байх үүднээс
салбарын яам болон Засгийн газраас бодлого боловсруулж ажиллана.

ОХУ-ын “Роснефть” компанитай ярилцаж хэлэлцсэн зүйл бий. ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, урт хугацаандаа нефтийн үнэ ханшийг тогтвортой байлгах тал дээр санал солилцсон.

-”Тавантолгой” төсөл хэдийгээр хөдлөх бол. Өмнө нь гурвалсан консерциум байсан. Энэ тал дээр хэлэлцээрүүд хийх үү?

-”Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргах ёстой гэдэг эхний хувилбар байна. Бид олон улсын стандартын дүрмээр тоглоно.

Тэгвэл дотоодын аж ахуйн нэгжүүддээ хүсэлт тавиад, тэдний оролцоог хангаж явах гэдэг хоёр дахь хувилбар бий. Эцэст нь, ОХУ, БНХАУ-тай хамтрах хувилбар байна.

Бид энэ асуудлыг албан ёсны тооцоололттойгоор УИХ, Засгийн газарт санал болгож оруулна. Эдийн засгийн эргэлтэд орж байгаа “Тавантолгой” төслийн үр ашгийг нэмэгдүүлж, Монголын ард түмэнд оногдож байгаа хувь, өгөөжийг өсгөх гэсэн тооцоо томьёоллоор гаргаж байгаа. [ЗГМ]