О.Содбилэг Д.Цогтбаатар 2018.01.31 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

АБГББХ-ны хуралдаанаар үргэлжлүүлэн "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. ЭЗХХАС нь 1993 оноос хойш манай улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд манай улс 1993-2017 оны хооронд тус сангаас нийтдээ 88.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байгаа аж.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна. Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа, харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа бөгөөд хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батлуулна. Баталсан жагсаалтын дагуу төслийн санхүүжилтийг 2017-2019 онд шат дараалан БНСУ-ын Засгийн газар шийдвэрлэх бөгөөд төсөл тус бүрээр тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар асуулт асууж тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан нар үг хэлж зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд нэн таатай нөхцөлтэй хөгжлийн ийм зээлийг үр өгөөжтэй ашиглахад анхаарах нь чухал, зээлийн эх үүсвэрийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, утааны эх үүсвэртэй тэмцэхэд чиглүүлэх, энэ үндсэн дээр хүн амын эрүүл, аюулгүй, уцаар бухимдалгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд ашиглах саналыг дэмжиж байгаа, гол нь зээлийн үр өгөөж иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдахуйц байхад Засгийн газар анхаарч маш хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах шаадлагатайг хэлж байлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.